Ирэх хичээлийн жилийн элсэлтийг онлайнаар авч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-09 21:52:52

Завхан /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл сумын МСҮТ гурван жилийн өмнөөс дэргэдээ аж ахуй эрхэлжээ.

Тухайлбал мод үржүүлгийн таван га, хүнсний ногооны гурван га, фермерийн нэг га газарт сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулжээ. Түүнээс хойш сургалтын үеэр ашигладаг мод үржүүлгийн талбай нь өдгөө 13 төрлийн мод, бутлаг ургамал бүхий талбайтай болсон төдийгүй жил бүр гурван га газраасаа өөрсдийн хэрэгцээний төмс, хүнсний ногоо, нарийн ногоо, жимс жимсгэнийг хураан авдаг болжээ. Энэ жил тус сургууль дөрвөн га газарт төмс хүнсний ногоог тариалсан байна. Энэ хичээлийн жил суралцагчид нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан 13, гагнуурчин 15, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр 10 гэхчлэн долоон мэргэжлээр суралцан төгсжээ. Тус сургуульд Тосонцэнгэл, тойргийн 9 сум, Архангай аймгийн Цахир, Хангай сум, Хөвсгөл  аймгийн Шинэ-Идэр, Жаргал, Галт, Цагаан уул зэрэг сумаас 12 мэргэжлээр 360 гаруй суралцагч суралцаж байна. Эдгээр суралцагчдаас дотуур байранд 80 гаруй хүүхэд үнэ төлбөргүй хамрагддаг.

Тус сургууль 120 суралцагчийн дотуур байртай, стандарт шаардлагад нийцсэн спорт заалтай ажээ. Дотуур байранд бүрэн хүчин чадлаар хол газраас ирж суралцаж буй хүүхдүүдийг хүлээн авсан бөгөөд суралцагчид сар бүр хоолны мөнгө авч үнэ төлбөргүй байрладаг ажээ. 24 хүртэлх насны суралцагч улирал бүр тэтгэлэг авч номын сан, хурлын танхим, ресторан, урлаг соёлын заал зэрэг суралцах, өөрийгөө хөгжүүлэх таатай орчноор үйлчлүүлдэг. Суралцагчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, сонгон суралцах хичээл, дугуйлан хичээллэдэг. Ирэх хичээлийн жилийнхээ элсэлтийг онлайнаар авч байгаа гэв. 

Холбоотой мэдээ