Шинэ Зеланд коронавирусний халдварын нэг ч тохиолдолгүй болсноо зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-08 11:15:32

СИДНЕЙ. /TASS/. Коронавирусний халдвар авсан сүүлийн өвчтөн эдгэрсэн тухай Шинэ Зеландын эмч нар мэдэгджээ. Тус улсад хоёр долоо хоног гаруйн хугацаанд халдварын тохиолдол шинээр илрээгүй тухай Шинэ Зеландын Үндэсний эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Коронавирусээр халдварласан сүүлийн өвчтөн Окленд хотод эмч нарын хяналтанд байсан бөгөөд түүнийг бүрэн эдгэрсэн тухай эмч нар өнгөрсөн амралтын өдрүүдэд мэдэгджээ. Шинэ Зеландад коронавирусний халдварын анхны тохиолдол 2 дугаар сарын 28-нд бүртгэгдсэн бөгөөд энэ өдрөөс хойш анх удаа ийнхүү нэг ч тохиолдолгүй болж байна.


Шинэ Зеландад коронавирусний халдварын 1504 тохиолдол бүртгэгдсэнээс 1482 өвчтөн эдгэрч, 22  хүн нас баржээ. Халдварын хамгийн сүүлийн тохиолдол 5 дугаар сарын 22-нд бүртгэгдсэн байна. Түүнчлэн 295 мянга орчим хүн коронавирусний шинжилгээнд хамрагджээ.


Халдварт өвчний нөхцөл байдал тогтворжсоны дараа эрх баригчид хязгаарлалтын арга  хэмжээнүүдийнхээ дийлэнхийг цуцалжээ. Одоогоор нийтийн тээврийн хэрэгслүүдийн үйл ажиллагааг сэргээж, дэлгүүр, үйлдвэр, байгууллага, хэлтсүүд үүд хаалгаа нээгээд байгаа аж. Нийтийн хоолны газрууд болон үйлчилгээ үзүүлдэг газрууд тодорхой хязгаарлалттайгаар ажиллаж байна. 

Холбоотой мэдээ