Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-05 22:26:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 43 бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 хэргээр буюу 166.7 хувиар өссөн байна.  

Аймгийн Цагдаагийн газраас Засгийн газрын 2013 оны 93 дугаар тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5-д заасныг үндэслэн хууль бусаар загас, бор гөрөөс, согоо, зэрлэг гахай, шилүүс, баданга хүдэр агнасан таван гэмт хэргийг нөхөн илрүүлж, эзэн холбогдогчийг тогтоон прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Статистик мэдээнээс үзэхэд энэ төрлийн гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа ч энэ нь “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан арга хэмжээ, хяналт шалгалтууд чанартай, үр дүнтэй  болсныг харуулж байгаа аж.  

Монгол Улсын Засгийн газраас Цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүргийг өргөжүүлэхэд анхаарч, Экологийн цагдаагийн алба байгуулсан. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар манай аймагт нэг ахлах мөрдөгч, экологийн асуудал хариуцсан найман байцаагч томилогдон, ажил үүргээ гүйцэтгэж байна. Эдгээр алба хаагчид томилогдсоноосоо хойш улсын хэмжээнд “Ногоон дуу хоолой”, “Таны дуу хоолой-байгалийг хамгаалж чадна” уриан дор “Байгалиа хамгаалъя” олон нийтийн соён гэгээрүүлэх арга хэмжээг дөрөвдүгээр сарын 15-наас нэг сарын хугацаатай зохион байгуулжээ. Энэ хүрээнд  хууль бусаар 228.5 шоо метр мод бэлтгэсэн 34 гэмт хэргийг илрүүлж, экологи, эдийн засгийн үнэлгээгээр 24.44 сая төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлүүлэхээр ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ