Шадар сайд Ө.Энхтүвшин БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-02 17:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Элчин сайд Ли Ё Хун "COVID-19"-ийн үед Монгол Улсын Засгийн газар, УОК-оос үр дүнтэй арга хэмжээ авч байгааг онцлов.  Тэрбээр, "Энэ сард Монголд УИХ-ын сонгууль болно. Энэ оны дөрөвдүгээр сард манай улсын парламентын сонгууль болсон бөгөөд энэ энэ үеэр "COVID-19"-ийн халдварын тоо нэмэгдээгүй. Манай улсад Монголын 35 мянган иргэн амьдарч байна. Үүнд хууль бусаар оршин суугаа иргэн их байгаа. Тиймээс энэ сарын 17, 18-ны тусгай нислэгт хууль бусаар оршин суугаа иргэдийг тодорхой хэмжээгээр хамруулж өгөхийг хүсье" гэлээ.


Шадар сайд Ө.Энхтүвшин, "Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол Улс өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байна. Гэхдээ тайвширч болохгүй. Манай улс олон мянган иргэнээ гадаадаас татан авч байна. Тэр хэмжээгээр ч эрсдэл өндөр байна. Сонгуулийн үеэр хөл хөдөлгөөн нэмэгддэг. Үүнд санаа зовж байна. Тиймээс бид саяхан сонгуулийн үеэр дагаж мөрдөх журам гаргалаа. Энэ журмыг гаргахдаа Солонгос улсын парламентын сонгуулиас ихээхэн туршлага судалсан" гэлээ.


Уулзалтын үеэр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас 35 мянган ам.долларын үнэ бүхий эд материалыг Улсын Онцгой комисст хандивлав. Үүнд 2050 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас, 2000 ширхэг нүдний шил, 200 ширхэг усны гутал, 160 ширхэг автомакс ариутгагч зэрэг багтжээ.

Холбоотой мэдээ