УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг цагдан хорилоо

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-28 16:59:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн тухай тус шүүхийн Тамгын газар өнөөдөр мэдээлэв.


Шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд яллагдагч нарын өмгөөлөгч нараас хэргийг прокурорт буцаахаар гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхисон хийгээд яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдааныг зургаадугаар сарын 26-ны 10.00 цагт нээлттэй явуулахаар товлон зарлав. Ингэхдээ прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.


Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Шүүх хуралдааны төгсгөлд прокуроруудаас Н.Номтойбаярыг мөрдөгчтэй утсаар ярьсан гэх шалтгаанаар цагдан хорих тухай мэдээллийг шүүхэд гаргаж өгсөн. Тэр баримтыг бидэнд үзүүлсэнгүй. Хэрэгт хавсаргасан эсэхийг ч мэдэхгүй байна. Шүүх зөвхөн Н.Номтойбаярт таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж тайлбарласан. Энэ бол УИХ-ын сонгуулийн тухай хууль зөрчсөн асуудал. Учир нь Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвших үнэмлэхээ авахаар СЕХ-ны тогтоол гарсан. Хэрвээ тухайн нэр дэвшигчийг баривчлах, цагдан хорих бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Шүүх үүнийг мэдсээр байж таслан сэргийлэх арга хэмжээ явууллаа" хэмээв. 


Холбоотой мэдээ