“Хоргын ногоон гудамж” мод тарих аян өрнүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2020-05-28 12:24:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Тариат сумын залуус санаа, сэтгэл нэгдэн “Хан залаа” ТББ-ыг байгуулан нутаг нэгт сумынхаа Улаанбаатар хотод амьдарч байгаа болон,  орон нутагтаа суугаа иргэдээ хамруулжээ.


Тэд соёл, урлаг, спорт, нийгэм, байгаль орчин, шинжлэх ухааны олон талт ажлыг санаачлан зохион байгуулахаар 2018 оноос эхлэн нутгийн бүх насны хүмүүсийг хамарсан олон сайн үйлсийг орон нутагтаа хэрэгжүүлж амжилттай ажиллаж байгаа юм. Эдгээр ажлын нэг болох “Хоргын ногоон гудамж” төслийн хүрээнд аян өрнүүлж, ЗДТГ, ЕБС, цэцэрлэг, соёлын төв, анги хамт олон, төгсөлтийнхөн, хувь хүмүүс хандив өргөн нийт 10 орчим сая төгрөг цугларчээ.



Тариат сумынхан ЗДТГ-тай хамтран ажиллаж мод тарьж, ургалтыг хариуцсан хүмүүс томилж цалинжуулж байна. Нийт 1500 орчим модыг сумынхаа төв зам дагуу 667 метр урт төмөр хайс хийж 170 улиас, сумын цэцэрлэгт хүрээлэнд хайлаас, голт бор, монос, тэхийн шээг, өрөл зэргийг суулгажээ. Сумын төвөө ногоон болгох зорилгоор хэд хэдэн албан байгууллага хувь хүмүүст зөвлөгөө өгч жишиг болгохоор модны суулгац өгсөн байна. Айл бүрийг мод тарьж ногоон ирээдүйн төлөө нэгдэхийг уриалжээ.



Нутгийн уугуул иргэн, Нийслэл хотын ногоон байгууламжийн зөвлөх, Олон улсын Улаанбаатар Их сургуулийн багш, биологийн ухааны доктор, дэд профессор С.Жавзан ирж, иргэдэд мод тарьж ургуулах, арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгсөн байна. 


Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар нэгдэл”-ийн хамт олны төлөөлөл болон  Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир, “Хан залаа”ТББ-ын тэргүүн П.Жаргалсайхан нар энэ аяныг дэмжин хамтран оролцжээ.


 

Холбоотой мэдээ