Мэн Ваньчжоутай холбогдох хэргийн талаарх шийдвэрт сэтгэл дундуур байна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-05-28 12:10:33

ОТТАВА. /TASS/. Канадын Британийн Колумб мужийн Дээд шүүхээс “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргасанд сэтгэл маш дундуур байна гэж Оттава хот дахь БНХАУ-ын ЭСЯ-ны твиттер хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


“Ийм шийдвэр гаргасанд сэтгэл маш дундуур байгаа бөгөөд эрс эсэргүүцэж байна. Бид мөн үүнтэй холбоотойгоор Канадад дипломат шугамаар нухацтай мэдэгдэл хийлээ. Мэн Ваньжоуг баривчласны цаад зорилго нь АНУ-ын зүгээс Хятадын технологийн компанид цохилт өгөх юм" гэж мэдэгдэлд дурдсан байна.


“Мэн Ваньжоуг нэн даруй суллаж, эх нутагтаа аюулгүй буцах боломж олгохыг бид Канадын эрх баригчдаас дахин шаардаж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.


Канадын Британийн Колумб мужийн Дээд шүүх “Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг шилжүүлэн өгөхтэй холбоотой шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг лхагва гарагат гаргажээ. Түүнийг 2018 оны 12 дугаар сард АНУ-ын хүсэлтээр Ванкуверт баривчлах үед хууль эрх зүйн асуудлыг бүх талаар дагаж мөрдсөн гэж үзсэн учир ийм шийдвэр гаргасан байна. 


Мэн Ваньжоуг АНУ-д шилжүүлэн өгөх эсэх асуудлыг хэлэлцэх эхний шүүх хурал нэгдүгээр сард дууссан бөгөөд хоёр дахь хурлыг зургадугаар сарын 15-нд товложээ.


“Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэн Ваньжоуг Канадын хууль сахиулагчид Вашингтоны хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 1-нд Ванкувер хотод баривчилсан бөгөөд түүнийг Ираны эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн буруутгасан юм. Хэрэв түүнийг Америкийн талд шилжүүлэн өгвөл 20 хүртэл жил хоригдох ял авч магадгүй байна. 


Холбоотой мэдээ