“Тэхийн зогсоол”-уудыг Авто худалдааны цогцолбор руу нүүлгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-26 16:40:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус Х хуралдаан өнөөдөр болж 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. 

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулахдаа, "Энэ онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 5 бүлгийн  749 ажил хийхээр НИТХ-аар баталснаас өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 57 хувьтай үргэлжилж байна" гэв. 

Өнгөрсөн хугацаанд цахим биржээр газрын дуудлага худалдааг 4 удаа зохион байгуулж, 263 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Мөн газар чөлөөлөлтийн ажил 71 хувьтай үргэлжилж буйг мэдээллээ. 

НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, "Баянгол дүүргийн нутаг, Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд олноор зогсож байгаагаас хөрс ихээр бохирдож байна. Тиймээс тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг хашаа байгуулж, газар зохион  байгуулалтын төлөвлөгөөнд тусгах боломжтой юу" гэсэн асуултад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, "Гурвалжингийн гүүр орчимд том оврын тээврийн хэрэгслүүд зогсож, үйлчилгээ үзүүлж буйг анхааран арга хэмжээ авахаар ажиллаж байна" гэв.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, “Тэхийн зогсоол” гэх ийм газрууд дүүрэг бүрт байгаа. Бид үүнийг анхаарч байгаа. Өчигдөр уулзаж ярилцсан. Цаашдаа эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, орчны бохирдол үүсгэдэг эдгээр газрыг  цэгцэлж, Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор руу нүүлгэхээр шийдвэрлэсэн" гэв. 


Холбоотой мэдээ