Гадаадын иргэн, харьяатын газар байгуулагдсан түүхээ гэрэл зурагт буулгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-26 15:59:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар байгуулагдсаны  20 жилийн ойд зориулан тус газар гэрэл зургийн цомог гаргажээ. 

Энд тус газрын үндэс суурь тавигдсан цаг үеэс өнөөдрийг хүртэлх байгууллагын түүхэн замнал, хөгжил дэвшил, ололт амжилт, бүтээн байгуулалт, үе үеийнхний дурсамж дурдатгалыг хадгалсан гэрэл зургуудыг багтаажээ.

ГИХГ-ын дарга Д.Мөрөн, “Байгууллагын баганын чулууг тавилцаж, хөгжлийн замд түүчээлсэн ахмад буурлууд, тэдний залгамж халаа, үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байгаа нийт ажилтнуудын хийж бүтээсэн бүхэн нэгэн цаг үеийн түүх юм" гэдгийг онцлов. Гэрэл зургийн цомог нь тус байгууллагын түүх, бүтээн байгуулалт, ховор, мартагдсан түүх, дурсамжийг хадгалжээ.


ГИХГ нь Засгийн газрын 2001 оны 71-р тогтоолоор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нэртэйгээр байгуулагдаж байв. Энэ үеэс Монгол Улсад байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй иргэдийн бүртгэл хяналтыг төвлөрүүлэн хариуцах бие даасан статустай байгууллага бий болох үндэс суурь тавигджээ.

Улмаар Засгийн газрын 2008 оны 64-р тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар болон өргөжжээ. Хилийн боомтын тухай хууль 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)-ын хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газартай нэгтгэн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болгон өөрчлөн зохион байгуулж байв.

Харин 2016 оны 7 дугаар сарын 27-ны 4-р тогтоолоор ХЗДХЯ-ны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрыг шинэчлэн байгуулсан юм.


Холбоотой мэдээ