Аж ахуйн нэгжийн 42,2 хувь “Х” тайлан гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-26 11:14:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын 42,2 хувь “Х” тайлан гаргасан байна. 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргасан дүнгээр Сангийн яамны санхүүгийн тайлан илгээх цахим санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн  тоо өмнөх оныхоос 47-гоор нэмэгдэж, 10 нь татан буугдаж, нийт 1162 аж ахуйн нэгжтэй болжээ. Тэдгээрээс 95,4 хувь буюу 1108 аж ахуйн нэгж санхүүгийн тайлангаа хугацаанд нь ирүүлсэн байна.

          - Жил бүр аж ахуйн нэгж, байгууллагын тоо өсч, эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаа боловч үйл ажиллагаа явуулаагүй буюу “Х” тайлан гаргаж буй компаниудын тоо буурахгүй байна. Энэ нь мэргэжлийн нягтлан бодогч байхгүй, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлдэггүй, тайлангийн хугацаа дөхөөд ирэхээр “Х” тайлан гаргадаг зэрэг шалтгаантай зэрэг шалтгаантай байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт ярилаа.

          Аймгийн хэмжээнд санхүүгийн тайлан гаргасан аж ахуйн нэгжүүдийн 42,2 хувь буюу 468 нь “Х” буюу алдагдалтай тайлан гаргасан байна. Энэ үзүүлэлт нь 2015 оныхоос 204-өөр буюу 17,7 хувиар өсчээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтууд хоорондоо нийцдэггүй, илт худал мэдээлэл бүхий тайлан илгээсэн, төрийн бусад байгууллагад хуулийн хугацаанд татварын ногдолтой тайлан өгсөн боловч санхүүгийн хэлтэст “Х” тайлан илгээсэн хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага тодорхой биш байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын  Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд үзэж байна.

Шинэ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгэгдсэн аж ахуйн нэгжид санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан гаргах зааварчилга өгөх, улсын бүртгэлийн програмыг санхүүгийн тайлангийн системтэй холбох, холбогдох материалаа бүрдүүлэн татан буугдах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийг санхүү, татварын байгууллага хамтран улсын бүртгэлээс хасуулах зэрэг ажлыг Санхүү, төрийн сангийн хэлтэс зохион байгуулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ