Хятадын бүх ядуу тосгонд цахим худалдааг нэвтрүүлжээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-19 15:04:59

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Худалдааны яам холбогдох яам, байгууллагуудтай хамтран ядуурлаас ангижруулах ажлын хүрээнд дотоодын бүхий л улсын зэрэглэлтэй ядуу тосгонд цахим худалдааны сүлжээг нэвтрүүлсэн тухай тус улсын Худалдааны сайд Жун Шань өчигдөр  болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

            Өнгөрсөн онд Хятадын ядуу буурай тосгонуудын цахим жижиглэнгийн худалдаа 239.2 тэрбум юаньд хүрч, өмнөх оныхтой харьцуулахад 33 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

            Ийнхүү дээрх тосгодод цахим худалдааны сүлжээ нэвтэрснээр тариаланчдад ихээхэн ашиг тустай хэмээн үзэж байгаа юм байна. Учир нь Хятад улс олон хүн амтай, өргөн уудам газар нутагтай. Ялангуяа зарим уулархаг бүс нутаг зам, харгуйн хүндрэл бэрхшээлээс болоод онцлох бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулж чадахгүйд хүрдэг. Хот суурин газруудад дээрх барааны эрэлт хэрэгцээ байсан ч олж авч чадахгүйд хүрэх тохиолдол багагүй байдаг. Тэгвэл цахим платформ нь дээрх асуудлыг шийдвэрлэж чадна.

            Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Хятадын Худалдааны яамнаас худалдаагаар ядуурлыг бууруулах таван төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсний нэг нь цахим худалдааны салбар юм.

            Жун Шань сайдын хэлж буйгаар, Хятад улс энэ жилд цахим худалдаагаар ядуурлыг бууруулж, ядуурлаас ангижруулах ажлыг эрчимжүүлж, ядууралтай бүс нутгуудад цахим худалдааны салбарыг хөгжүүлж, 5 сая гаруй тариаланчийн амьжиргааг дээшлүүлэх юм байна.    

Холбоотой мэдээ