Д.Нямхүү:Шведэд байгаа монгол иргэний биеийн байдал маш хүнд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-05-17 13:32:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар "COVID-19"-ийн халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4.7 сая хүн өвчилж, 312 мянган хүн амиа алдаад байна. Мөн 1.8 сая хүн эдгэрч, 2.5 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байгаагаас 44 мянган хүний биеийн байдал маш хүнд байна. 

Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр өвчилж, 4 мянга гаруй хүн нас бараад байгаа нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1300-гаар багасжээ. Мөн хугацаанд ОХУ-д өвчлөл 9200 хүнээр нэмэгдэж, ОХУ-ын Буриад улсад 41 тохиолдол, Эрхүүд 25, мөн ОХУ-ын Тува улсад 30 тохиолдол илэрч шинээр бүртгэгдээд байна. 

Манай улсад 108 хүн ажиглалтад шинээр орж, 26 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. 

Дархан-Уул аймгийн салбар болон ХӨСҮТ-ийн лабораторид нийт 156 хүнд шинжилгээ хийсэн. Үүнд, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 137 шинжилгээ хийж, үүнд Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн 27 жолооч, ОХУ-аас орж ирж тусгаарлагдсан 110 хүн байна. Тодруулбал, Орхон, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан тус бүр 9 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 92 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тавдугаар сарын 16-нд ХӨСҮТ-д 19 хүнд давтан шинжилгээ хийхэд 18 тохиолдлоос вирус илрээгүй. Эдгээр иргэд нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 10, тандалтын зорилгоор УНТЭ-ээс сорьц авсан нэг тохиолдол байлаа. 

Харин нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн нь ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутан байсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 204 хүн байна. Үүнээс 115  хүн нь эмчилгээнд, 89 хүн нь ажиглалтад байна.


Өвчтөнүүдийн биеийн байдлыг нарийн шинжилгээний дүнгээр хэлбэл, хүндэвтэр 23, дунд зэрэг 92 хүн байна. Өвчтөнүүдийн дунд 8-16 насны таван хүүхэд байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар  шинэ коронавирусний халдвар авсан 136 тохиолдол бүртгэгдээд байна. Бүгд гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Шведэд байгаа монгол иргэний биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратад, уушгины 80 хувийн ажиллагаа муу, хүнд байна гэсэн мэдээллийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хүргэв.


Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ