Словенид коронавирусний цар тахал дууссаныг мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-05-16 09:44:15

ЛЮБЛЯН. /France Presse/. Словенийн Ерөнхий сайд Янез Янша тус улсад коронавирусний цар тахал дууссаныг баасан гарагт мэдэгдлээ.


“Өнөөдөр Словени улсад Европын бусад оронтой харьцуулахад хамгийн сайн нөхцөл бүрдсэн бөгөөд энэ нь бидэнд цар тахал дууссаныг зарлах боломж олгож байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Тус улсад гуравдугаар сарын 12-нд цар тахал эхэлж, гуравдугаар сарын 16-наас хорио цээрийн дэглэм тогтоожээ.


Засгийн газрын шийдвэрийн дагуу Словени улс Европын Холбооны бүх иргэнд хилээ нээх бөгөөд бусад орны иргэд заавал тусгаарлагдах ёстой байна. Гэхдээ олон нийтийн цуглаан хийхийг хориглох, амны хаалт заавал зүүх, хоорондоо зай барих журам зэрэг зарим хязгаарлалтууд хэвээр үлдэнэ.


Хүнсний бус дэлгүүр, зоогийн газар болон үйлчилгээний салбарын бусад аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд тавьсан бүх хязгаарлалтыг тавдугаар сарын 18-наас цуцлах шийдвэрийг Словенийн Засгийн газар пүрэв гарагт  гаргажээ.


Словенид коронавирусний халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 4-нд бүртгэгдсэн байна. Үүнээс хойш 1464 хүн халдвар авч, 103 хүн нас баржээ. Халдвар авсан хүмүүсийн ихэнхийг оршин суугаа газарт нь тусгаарласан бөгөөд зөвхөн хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлж байгаа аж.


Коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 4.4 сая орчим хүн халдвар авч, 300 мянга гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ