Ухань хотын бүх иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-17 13:37:14

Бээжин /МОНЦАМЭ/. Хамгийн анх коронавирус дэгдсэн Хубэй мужийн Ухань хотод 4-р сарын 4-нөөс 5-р сарын 8-ны өдрийг хүртэлх 35 хоногийн турш шинээр халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. Гэвч 5-р сарын 9, 10-ны өдрүүдэд 6 шинэ тохиолдол илэрчээ.

Ухань хотын 89 настай нэгэн иргэн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд түүний дараа дахин 5 иргэнээс коронавирус илэрчээ. Эдгээр 6 тохиолдол нь бүгд шинж тэмдэггүй халдвар тээгчид юм байна. Тиймээс тэд халдвар авснаа мэдэлгүй нэлээд хугацааг өнгөрүүлсэн байх магадлалтай байна.

 Дээрх 89 настай өвчтөн нь Хятадын шинэ жилийн баяраас хойш өөрийн амьдардаг хорооллоос гадагш гараагүй ба 3-р сарын 17-нд бага зэрэг халуурах, бие нь тавгүйтэх шинж тэмдэг илэрсэн байна. Энэ үедээ дур мэдэн эм ууснаар шинж тэмдэггүйгээр 4-р сарын дунд хүртэл явсан байна. Улмаар 4-р сарын дунд үеэр бие нь сульдаж, хоолны дуршил буурч дахин нэг сарын хугацааг өнгөрүүлжээ.

Дараа нь 5-р сарын 9-нд эмнэлэгт хандаж, шинжилгээ өгснөөр коронавирусний халдвар авсан нь батлагдсан байна.

Хятадын Халдварт өвчнийг хянах төвийн мэргэжилтэн У Зуню хэлэхдээ “Хэрвээ түүнийг өнгөрсөн 3-р сард халдвар авсан гэж үзвэл тэрээр 2 сарын хугацаанд уг вирусийг тээсэн байх магадлалтай” гэжээ.

Улмаар тус хотын бүх иргэнийг 10 хоногийн дотор коронавирусний шинжилгээнд хамруулах шийдвэрийг 11-ний өдөр гаргасан байна.  

 

Холбоотой мэдээ