Эрүүл мэндийн тухай хуулийг эцэслэн хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Ц.Цогзолмаа танилцуулав. Ажлын баг өнөөдрийн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж хууль зүйн техникийн талаас нь хянаж зохих засвар өөрчлөлтийг хийжээ. УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу 8.1.25 дахь заалтын дугаарыг 8.1.24 болгон өөрчилсөн байна.
Ажлын багийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ё.Баатарбилэг, Б.Саранчимэг нар асуулт асууж, ажлын багийн ахлагчаас хариулт авлаа.
Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг байгуулагдсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар эмнэлгийн асуудлыг хоёр удаа хэлэлцэн, ажлыг нь хэвийн болгох чиглэл өгсөн гэдгийг Ё.Баатарбилэг сайд хэллээ. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг бүрэн хэмжээнд ажиллахад шаардагдах 12 тэрбум төгрөгийн зээлийн хэлэлцээрийг УИХ-аас соёрхон баталсан. Энэ жилдээ эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрдүүлснээр бүрэн хэмжээнд ажиллах боломжтой юм байна. Санхүүжилтийн дутуу хэсгийг холбогдох яамнаас бүрэн шийдвэрлэжээ. Тус эмнэлэг энэ оны наймдугаар сарын 1-нээс тасгуудаа нээн, хэвийн ажиллахаар төлөвлөөд байгаа гэв. Засгийн газрын энэ оны 38 дугаар тогтоолоор, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийг БСШУС-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд цаашид энэ зохицуулалтын дагуу холбогдох асуудлууд шийдэгдэнэ гэдгийг тайлбарласан.
Ийнхүү гишүүд асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураан шийдвэрлэсэн юм. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Хуулийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэнэ.