"Тогтвортой амьжиргаа 3" төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-05-14 11:28:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа. Уг санхүүжилтээр, "Тогтвортой амьжиргаа 3” төслийн нэмэлт санхүүжилтийг шийдэх юм.


Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран 2002 оноос хойш "Тогтвортой амьжиргаа 1, 2” төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Үүний үргэлжлэл болох “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд  Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.


Төслийн үр дүнд Орон нутгийн хөгжлийн сангийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа ба төслийг дэмжсэнээр орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй тул "Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад дэмжих зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг олгохоор шийдвэрлээд байгаа юм. Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 12-ны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан танилцуулав.  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат ажлын багаас асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.


Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжье дэмжье гэсэн Байнгын хорооны саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа. 

Холбоотой мэдээ