Буянт голын орчныг цэвэрлэдэг гэр бүл, иргэд нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-14 09:14:05

Ховд /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг бууруулах зорилгоор “Ногоон дуу хоолой” аян өрнүүлж байна.

Тус аяны хүрээнд орон нутгийн цагдаагийн байгууллагын ажилтан болон Байгаль сэтгүүлч клуб, Ховд телевиз, Ховдын мэдээ сонины сурвалжлагч нар хамтран Буянт гол дагуу хяналт хийв.

Ховд аймгийн төвд амьдарч буй айл өрх, иргэд агаар салхинд гарахдаа ихэвчлэн Буянт гол дээр очдог. Иргэд голын дэргэд зүлгэн дээр сууж амрах боломжтой хэдий ч сүүлийн үед хог хаягдал нэмэгдэж байна. Мөн зарим иргэн автомашинаа ногоон зүлгэн дээр тавих, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчил илрүүллээ.

Усны тухай хуульд голын сав газар зүлгэн дээр машин байршуулах, хог хаягдлаар бохирдуулах, айл өрх буух гэх мэт зүйлсийг хориглосон байдаг аж. Мөн Зөрчлийн тухай хуульд гол ус бохирдуулсан, зүлэг сүйтгэсэн, хог хаягдлаар бохирдуулсан үйлдэлд торгууль оногдуулах тухай заалт бий.
Энэ удаа
Цагдаагийн байгууллагын ажилтнууд Буянт голын зүлгэн дээр машинаа тавьж, угааж, ил задгай хог хаясан иргэдтэй уулзаж холбогдох хууль дүрэм танилцууллаа.

Дараагийн хяналтын үеэр зөрчил дахин давтагдсан тохиолдолд тухайн үйлдлийг шалгах, байцаалт авах, торгох зэрэг хариуцлага тооцно гэж “Ногоон дуу хоолой” аян зохион байгуулагчид  анхааруулав.

Түүнчлэн Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Ховд салбарын гишүүд санаачлан Буянт голын гүүрт засвар хийж, өнгө үзэмж нэмсэн байна.

Мөн зарим иргэн Буянт гол дагуу гэр бүлээрээ салхинд гарах үеэр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, машиндаа ачин зориулалтын газар хүргэж байгаа зэрэг  эерэг хандлага бий болжээ. Түүнийгээ фото зургаар баталгаажуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх хандлага нэмэгдэж байна гэж албаны эх сурвалж онцоллоо.
Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цэвэр агаарт гарах, дасгал хөдөлгөөн хийх боломж бүрдүүлэх зорилгоор Буянт голын гүүрний дэргэд явган хүн болон дугуйн зам гаргахаар болсон аж.

Холбоотой мэдээ