Сэтүүлч Б.Норовсамбууг аймгийн “ Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-05-04 13:50:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын радиогийн Дархан-Уул аймаг дахь сурвалжлагч, ахмад сэтгүүлч, МУСТА Бавганы Норовсамбууг  аймгийн Хүндэт дэвтэр” –т бичиж алдаршууллаа. Жил бүрийн 5 дугаар сарын 3-ныг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” болгон тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс санаачилж, ЗДТГ-аас хүндэт дэвтэрт бичих ёслолын ажиллагааг зохион байгуулав.

Сэтгүүлч Б.Норовсамбуу нь 1988 оноос эхлэн Дархан хотын хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд, МОНЦАМЭ агентлагт сурвалжлагчаар, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сэтгүүлзүйн тэнхимийн багшаар ажиллаж байсан юм.

Аймгийн “Хүндэт дэвтэр”-ийг 1963 оноос хойш 57 дахь жилдээ хөтөлж байгаа аж. Тус дэвтэрт аймаг орон нутгийн ололт амжилт, хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан эдийн засаг, нийгэм, соёл, урлагийн салбарт бусдыгаа хошуучлан манлайлсан 175 иргэний нэрийг бичиж алдаршуулжээ. 
Сэтгүүлч, зохиолч Б.Норовсамбууг 176 дахь иргэнээр тодруулан Хүндэт дэвтэр бичиж алдаршуулж байна. 
Сурвалжлагч, сэтгүүлч Б.Норовсамбуу нь хэвлэл мэдээллийн салбарт 40
орчим жил ажиллаж “Цагийн амьсгал”, “Хөрөг”, “Яруу найргийн галын дэргэд”, “Намуухан наргиа” “Эгэл хүн”, “Уул усны шивнээ” “Санчир гараг” хүүхдийн нэвтрүүлэг зэрэг 40 гаруй байнгын булан, шинэ нэвтрүүлэг хийж 386 радио болон теле хөрөг нэвтрүүлгийг бэлтгэн олны хүртээл болгожээ. Мөн
1992 онд “Хүний хорвоо” 
1993 онд “Бүдэг дурсамж” 
2004 онд “Оройтож гарсан сар”
2005 онд “Эрээвэр бодол”
2007 онд “Сэтгэлд хөглөсөн аялгуу”
2008 онд “Гэгээн зөн”
2009 онд “Айсуй цагийн анир”
2011 онд “Наран саран цонхиол”
2014 онд “Энэ л миний хайр” зэрэг яруу найраг, үргэлжилсэн үгийн 13 ном, 
“Чулуу хөвөн болсон нь”, “Гучин жилийн алхаа”, “Уулын мод ургах дуртай”, “Газрын тосны эзэд” зэрэг сэтгүүл зүйн 11 ном хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон байна. 
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж МУСТА, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

 

Холбоотой мэдээ