Өчигдөр ирсэн зорчигчдоос тавыг нь ХӨСҮТ-д тусгаарлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр өчигдөр ирсэн зорчигчдод хийх коронавирусний шинжилгээний эхний сорьцыг өнөөдрөөс цуглуулна гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Нийт 278 хүн эх
орондоо ирснээс коронавирусний сэжигтэй тохиолдол гэж үзэн таван иргэнийг ХӨСҮТ-д, бусад зорчигчийг урьдчилан бэлдсэн ажиглалтын байруудад тусгаарлажээ. Ялангуяа маргааш Франкфуртын нислэгээр нэн эрсдэлтэй зорчигчид ирэх магадлалтай гэж тооцон онцгой анхаарч ажиллана гэдгийг ХӨСҮТ-ийн захирал онцлов.
Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд, "Халуун шөл, цай уудаг нь монголчуудын давуу тал юм. Энэ нь хоолой, хамар залгиурт байгаа амьсгалын замын бактерийг ходоод руу авч орж уушгинд вирус дамжихаас хамгаална. Тиймээс халуун хоол унд хэрэглэж вирусээс хамгаалах боломжтой"-г дахин сануулсан юм.
ХӨСҮТ-ийн хоёр болон Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.