БНХАУ Умард Солонгос руу шинжээчдийн баг илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-25 10:17:38

МОСКВА. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид БНАСАУ руу анагаах ухааны мэргэжилтнүүд бүхий шинжээчдийн баг илгээсэн гэж “Reuters” агентлаг нэрээ нууцалсан гурван эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ. Тус агентлаг энэхүү мэдээллийг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдал муудсан байж магадгүй тухай өмнө нь гарсан цуу яриатай холбоотой гэж үзэж байгаа аж. 


“Reuters” агентлагийн мэдээлснээр, Хятадын коммунист намын /ХКН/ Төв хорооны олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн өндөр албан тушаалтнаар ахлуулсан төлөөлөгчдийг дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Умард Солонгос руу илгээжээ.


Дээрх мэдээлэлд болон энэ нь Ким Жөн Уны эрүүл мэндийн байдал муудсан гэх мэдээлэлтэй холбоотой эсэх талаар лавласан хүсэлтэд олон улсын хамтын ажиллагааны хэлтэс болон БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас одоогоор хариу өгөөгүй байгаа аж.


Ким Жөн Уны биеийн байдал муудсан гэх мэдээлэл гарах болсон шалтгаан нь тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд тохиодог өвөө Ким Ир Сенийнхээ мэндэлсэн өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцоогүйгээс үүдэлтэй юм. Ким Жөн Ун мэс засал хийлгэсний дараа биеийн байдал нь муудсан гэх тагнуулын мэдээг АНУ-ын эрх баригчид шалгаж байна гэж "CNN"  телевиз дөрөвдүгээр сарын 20-нд мэдээлсэн бөгөөд одоогоор энэ мэдээлэл нотлогдоогүй байна. Харин БНСУ-ын эрх баригчид мэдээлэхдээ, Умард Солонгосын удирдагч өвдсөн гэж таамаглаж болохуйц үйл явдал ажиглагдаагүй хэмээсэн бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдал муудсан гэх мэдээллийг дөрөвдүгээр сарын 23-нд няцаасан юм. . 


Холбоотой мэдээ