Элэгний хорт хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-04 09:57:24

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар элэгний хорт хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлэхээр болсон байна. 40- 65 насны бүх иргэнийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах ажээ.

Хүн амын нас баралтын гол шалтгаан болж байгаа хавдарын өвчлөлийг бууруулах зорилгоор Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар 2016 оныг Нийгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Энэ зорилтынхоо хүрээнд хийх гол нэг ажил нь элэгний хорт хавдрын эрт илрүүлгийг эрчимжүүлэх явдал ажээ.  

Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа гэсэн тоо бий.Манай орны хувьд ч хорт хавдрын өвчлөл жилээс жилд өсч, хүн амын нас баралтын 22 хувийг эзлэн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
Дундговь аймгийн хувьд, сүүлийн 5 жилд 29 нэр төрлийн 476 хавдрын шинэ тохиолдол оношлогдож, 304 хүн хавдарын өвчлөлийн улмаас нас барсан статистик мэдээлэл байгаа бол энэ он гарсаар хавдрын 15 тохиолдол шинээр бүртгэгджээ.  Хавдрын өвчлөлүүдээс элэгний хавдар хамгийн өндөр хувьтай байна. Мөн уушиг, умайн хүзүү, ходоод, улаан хоолойн хавдар зонхилж байгаа ажээ.  

Иргэдийг харъяа нутаг дэвсгэрийн нь Эрүүл мэндийн төв илрүүлэг үзлэгт хамруулах бөгөөд элэгний эмгэг, хавдрын сэжиг илэрсэн бол дараагийн шатны эмчилгээ оношлогоо хийлгэж, байнгын хяналтад  авч ажиллах юм байна. Эрт илрүүлгийг энэ сараас эхлэн зургадугаар сарыг дуустал үргэлжлүүлнэ.

Дундговь аймагт 40-65 насны 10 мянга гаруй иргэн байдаг ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ