Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 1014 сурагч 12 дугаар анги төгсөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-22 09:36:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 34 сургуулиас нийт 1014 сурагч 12 дугаар анги төгсөнө.

Дэлхий нийтийг цочроогоод буй COVID-19 цар тахлын улмаас энэ жил ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цахимаар хичээлээ үзэж байна. Хэдийгээр хөл хорионы дэглэмд хүүхдүүд бие дааж хичээлээ үзэж байгаа ч гэсэн энэ удаагийн ЭЕШ товлогдсон хугацаандаа болох ажээ.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ЭЕШ-ын бэлтгэл ажил хэрхэн хангагдсан, аймгийн боловсролын байгууллагын зүгээс ямар ажил арга хэмжээ зохион байгуулж буй талаар аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайханаас тодрууллаа. Тэрээр:”Энэ 2019-2020 оны хичээлийн жилд манай аймагт нийт 34 ерөнхий боловсролын сургуулиас 1014 хүүхэд өдрийн ангийг төгсөх тооцоо судалгаа гарсан байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ЭЕШ өгөх, сургуулиа төгсөх сурагчдад теле хичээл орж байна. Энэхүү хичээлийг мэргэжлийн багш нар нь бататгаад явж байгаа. Мөн саяхан боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д орох хүүхдүүдэд зориулсан гарын авлага, ном, DVD-ийг бүх төгсөгчид хүргэсэн. Өөрөөр хэлбэл өдрийн ангиар 12-р ангийг төгсөж байгаа бүх хүүхдэд өгч байгаа. Бидний зүгээс 12-р анги төгсөж байгаа нийт хүүхдэдээ энэ теле хичээлийг буцааж ашиглах боломж олгох асуудлыг бий болгож өгөхийг зорьж байна. Иймээс Мобикомтой хамтраад дата эрх олгохоор ярилцаж байна. Хүүхдүүд дата хэрэглээд бүх хичээлээ татаж авах, дахин үзэх, гүнзгийрүүлэн давтах боломж нөхцөл бүрдэх юм” хэмээн ярилаа.

Сэлэнгэ аймгийн хувьд сурагчдад олгох гарын авлага, ном, DVD-ийг өнөөдрийн байдлаар аймгийнхаа 17 сум, 6 тосгон руу хүргүүлээд байгаа аж. Мөн багш нар теле хичээлийг бататган зааж байгаа гэнэ. Сэлэнгэ аймгийн БСУГ-аас теле хичээлийг үзэж амжаагүй болон нөхөж үзүүлэх зорилгоор мобикомын салбартай хамтран 11-р сар хүртэл, сар бүр 9 гигабайт дататай дугаарыг сурагчдад олгохоор ажиллаж байгаа ажээ.  

Холбоотой мэдээ