Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-17 19:04:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.


Тус төслийг хэлэлцэж дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан танилцуулсан. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 14-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гэлээ. Тухайлбал, хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэдэг байх, төслийн зарим нэр томьёог Эрүүгийн хууль тогтоомжтой нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна. Төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгах зэрэг асуудлыг тусгасан болно.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураав. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Холбоотой мэдээ