Нью-Йоркт “COVID-19”-өөр нас барсан хүний тоо 10 мянга давж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-15 10:36:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Нью-Йорк хотод коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 10 мянга давж магадгүй гэж “Associated Press” агентлаг хотын эрх баригчдын урьдчилсан тооцооноос иш татан мэдээлжээ.


Хотын захирагчийн цахим хуудсанд байрлуулсан албан ёсны мэдээллээр, Америкийн хамгийн том хотод мягмар гаргийн орой гэхэд “COVID-19”-өөр 6589 хүн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Эдгээр нь шинжилгээ хийлгэж, коронавирус илэрсэн хүмүүс аж. Нью-Йоркт нийтдээ 107263 хүн халдвар авсан бөгөөд одоогийн байдлаар 29511 хүн эмнэлэгт эмчлүүлж байна.


Үүний зэрэгцээ АР агентлагийн мэдээлж байгаагаар, гуравдугаар сарын 11-нээс өнөөг хүртэл халдварын шинжилгээ өгөөгүй 3778 хүн коронавирусний улмаас нас барсан гэж хотын эрх баригчид үзэж байгаа бөгөөд харин эмч нар эдгээр тохиолдол нь коронавирусээр үүсгэгдсэн өвчин нь хүндэрсний улмаас нас барсан гэж баттай хэлж чадах гэнэ. Эдгээр тохиолдлыг оруулбал Нью-Йоркт “COVID-19”- өөр нас барсан хүний тоо 10300 давах юм.

Холбоотой мэдээ