УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-14 07:18:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.


Харин 11.00 цагт Төсвийн байнгын хороо хуралдаж, НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Төрийн аудитын байгууллагын 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох юм.


Үдээс хойш буюу 14.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана. Байнгын хороо Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.

Холбоотой мэдээ