Дэлхий дахин хэзээ энгийн амьдралдаа эргэн орох вэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-09 14:36:07

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний халдварын голомт болсон Ухань хот энгийн амьдралдаа эргэн орж байна. Хотын эрх баригчид хөл хөдөлгөөний хязгаарлалтуудаа цуцалж, худалдааны төвүүд нээгдэж эхэлжээ. Харин Австри улс хязгаарлалтаа сулруулж буй Европын анхны улс болох бололтой. Тус улсад ирэх долоо хоногоос дэлгүүрүүдийг нээх аж.


Олон оронд эмнэлгүүд боломжийнхоо хэрээр ажиллаж байх зуур судлаачид вирусний тархалтыг анхааралтай ажиглан сууна. Австрийн туршлага олон асуултад хариу өгч магадгүй юм. Франц, Бельги, Финланд, Испани зэрэг улс тусгаарлалтын дэглэмээс гарах төлөвлөгөөг боловсруулахыг зэхэж байгаа хэдий ч шинжээчид халдварын давлагаа дахин дэгдэх аюултайг анхааруулсаар байна.


Хэзээнээс бид гэрээсээ чөлөөтэй гарч, ажилдаа явж, хүссэнээрээ аялж, зугаалж, найз нөхөдтэйгөө уулзах боломжтой болох вэ гэдгийг хүн бүхэн мэдэхийг хүсэж байгаа. Энэ бүхэн хэзээ дуусах вэ? гэдэг нь магадгүй буруу асуулт байх. “New York Times” сонин асуултын өөр нэг хэлбэрийг санал болгож байгаа нь “Өөрийгөө тусгаарлах дэглэмээс гарах боломжтой гэдгээ бид яаж мэдэх вэ” аж.


ОХУ-д амралтын өдрүүдээс гадна тус улсад тогтоосон хязгаарлалтын арга хэмжээ үйлчлэх хугацаа дор хаяж 4 дүгээр сарын 30 хүртэл үргэлжилнэ. Их Британид өөрийгөө тусгаарлах дэглэм 4 дүгээр сарын 14 хүртэл үргэлжлэх хэдий ч халдварын тархалтын явцаас хамаарч хугацаа нь сунгагдах магадлал өндөр байна.  


Одоогийн байдлаар коронавирусний тархалт яг хэзээ дуусах нь таамаглал төдий байгаа юм.

 

Ард иргэд эрх баригчдын зөвлөгөөг дагавал улс орны нөхцөл байдал 12 долоо хоногийн хугацаанд эрс өөрчлөгдөж магадгүй юм хэмээн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 3 дугаар сарын 19-нд мэдэгджээ. Коронавирусний халдвар авсны улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэж буй тэрбээр цар тахал 6 дугаар сарын сүүлч гэхэд хумигдаж эхэлнэ гэж үзсэн бололтой.


Гэсэн хэдий ч тус улсад 4 дүгээр сард гэхэд халдварын тохиолдлын тоо өдөр бүр мянга мянгаар илэрсээр байна. Өнгөрсөн лхагва гарагт гэхэд л Их Британийн эмнэлэгт коронавирусний халдвар авсан 938 өвчтөн нас баржээ. Б.Жонсоны таамаглал биеллээ олсон ч өөрийгөө тусгаарлах дэглэмийг цуцлах нь зөв алхам байж чадах уу? 


Ухань хотод тогтоосон хязгаарлалтыг хоёр сарын дараа цуцалжээ. Бусад газар адилхан байх боломжтой юу?


“Covid-19” дэгдэлтийн голомт болсон Ухань хотод өнгөрсөн оны сүүлчээр халдварын анхны тохиолдлууд илэрсэн хэдий ч хот 1 дүгээр сарын 23-наас тусгаарлагдсан юм. Хотын оршин суугчид гэрээсээ гарахгүй байх ёстой байсан бөгөөд метроны хөдөлгөөнийг хааж, онгоцны нислэгийг зогсоосон билээ.


Хоёр сарын дараа буюу 3 дугаар сарын 25-нд л Хубэй мужийн нийслэл Ухань хотод замын хөдөлгөөнийг сэргээж, үйлдвэр, дэлгүүр, худалдааны төвүүдийг нээж, оршин суугчдад орох, газар зөвшөөрөл олгох замаар хөл хорионы арга хэмжээг сулруулсан.


Дөрөвдүгээр сарын 7 нь БНХАУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол илрээгүй анхны өдөр болсон юм. Энэ өдөр албан ёсны статистикаар, Хятадад коронавирусний халдварын 32 тохиолдол илэрснээс бүгд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байсан юм. Үүнээс гадна Хубэй мужид халдварын нэг ч тохиолдол илрээгүй аж.


Энэ нь хоёр сарын дараа бусад улс энгийн амьдралдаа эргэн орох боломжтой гэсэн үг үү гэвэл үгүй юм.

 

Нэгдүгээрт, Хятад улсын халдварын тархалтын талаарх мэдээлэл үнэн зөв эсэхэд өрнөдийн шинжээчид ихээхэн эргэлзэж байгаа. Албан ёсны баримт бичгүүдэд нь мэдээллийг ноцтой гуйвуулсан тохиолдлууд ажиглагдаж байсныг судалгаа харуулжээ. Тухайлбал, Ухань хотын эрх баригчид энэ аюулт өвчний дэгдэлтийн талаарх мэдээллийг урт хугацаанд зориуд нуусан гэдэг нь түгшүүр бий болгож байгаа юм.


Үүнээс гадна коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын талаарх албан ёсны тооноос хэдэн мянга дахин илүү чандрыг Ухань хотод хүргэсэн тухай өнгөрсөн долоо хоногт Хятадын хэвлэлүүд мэдээлж байсныг “CNN” телевиз иш татан мэдээлжээ. Харин “Time” сэтгүүл Хятад улс албан ёсны баримт бичигтээ “Covid-19”-ийн тодорхойлолтыг 8 удаа өөрчилснийг онцолжээ. 


Хоёрдугаарт, Хятад халдварын тархалт бага байгаа хэмээн мэдэгдээд байгаа хэдий ч халдвар дамжиж буй тохиолдлууд байж л таараа.


БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комисс шинж тэмдэг илрээгүй халдварлагсдын тоог статистик мэдээлэлдээ оруулаагүй. Хятадын дийлэнх иргэдэд вирусний эсрэг дархлаа тогтоогүй байгаа учир халдварын давлагаа дахин бий болох аюул хэвээр байгаа юм.


"Коронавирус дэлхий дахинд тархаж Хятад улсад гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд илэрч байгааг тооцож үзвэл халдвар орон нутагт дахин дэгдэх нь гарцаагүй юм гэж Хятадын “Duke Kunshan” хүрээлэнгийн тахал судлаач Бенжамин Андерсон ярьжээ.


Харин Флоридагийн их сургуулийн тахал судлаач Айра Лонигини мэдэгдэхдээ, "хязгаарлалтын арга хэмжээг цуцалмагц вирус дахин дэгдэж болзошгүй. Миний буруу байгаасай гэж хүсэж байгаа хэдий ч өөрөөр төсөөлөх аргагүй юм” гэжээ.


Ямар гарц байна вэ?

Одоогоор тусгаарлалтаас гарах хамгийн ойлгомжтой, бүтэц зохион байгуулалт сайтай стратегийг Америкийн нэгэн бизнесийн хүрээлэнгийн шинжээчид танилцуулжээ. Тэд 3 алхмаас бүрдсэн төлөвлөгөөг гаргажээ.


Нэгдүгээр алхам. Вирусний  тархалтыг зогсоох. АНУ, Их Британи, ОХУ зэрэг коронавирусний тархалтад өртсөн дийлэнх улс орон энэ үе шатан дээр явж байгаа. Нэгдүгээр үе шатыг амжилттай давахын тулд сургууль цэцэрлэг, худалдааны төв, спорт заалуудыг хааж, гэрээсээ ажиллах, олон нийтийн газар зай барьж явахыг иргэдэд зөвлөж байгаа. 


Энэ үе шатанд юу хийх ёстой вэ?

  1. Коронавирусний шинжилгээг аль болох олон удаа авч, тухайн өдрөө хариуг нь гаргах хэрэгтэй. Эмнэлэгт хүргэгдсэн өвчтөнүүд, эмнэлгийн ажилтнууд хийгээд халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан болон шинж тэмдэг илрээгүй хүмүүсээс шинжилгээ авах хэрэгтэй. Судлаачид долоо хоногт дор хаяж 750 мянган удаа шинжилгээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Халдварын тархалт оргил үедээ хүрэх үед хэдэн сая хүнээс ч шинжилгээ авах шаардлага гарч болзошгүй юм.  Одоогоор АНУ өдөрт 65 мянга орчим шинжилгээ авч байгаа нь долоо хоногт 455 мянгад хүрнэ. 
  2. Эрүүл мэндийн тогтолцооны нөөц бололцоог сайжруулах. Ингэхийн тулд 10 хүн тутамд 5-7 хиймэл амьсгалын аппарат шаардагдана. Бусад орныг бодвол ОХУ хиймэл амьсгалын аппаратны хангалт сайн байгаа хэдий ч тус улсын эрүүл мэндийн тогтолцооны бусад асуудал халдварт өвчний тархалтад сөргөөр нөлөөлж магадгүй байна. 
  3. Эмч нарыг хувийн хамгаалалтын хэрэгслээр хангах. Эмнэлгийн ажилтнуудад зориулсан нэг удаагийн амны хаалтыг хангалттай хэмжээнд хүргэх, халдвар авсан хүмүүстэй ойрын хавьталтай байгаа эмч нарыг "N95" амны хаалтаар хангах хэрэгтэй. 
  4. Өвчтөнүүдийн ойрын хавьтлыг илрүүлэх, ажиглалтыг өргөн цар хүрээтэй явуулах, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг тусгаарлах хэрэгтэй. Ингэхийн тулд улс орнууд нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан хэдэн мянган тохиолдлоос гадна ойр хавьтлын хэдэн арван мянган тохиолдлуудыг хянах боломжтой байх ёстой. 

Дараагийн үе шатанд хэзээ шилжих боломжтой вэ?

  • 14 хоног хүрэхгүй хугацаанд халдвар шинээр илэрсэн тохиолдлуудын тоог тогтвортой бууруулж чадаж байгаа тохиолдолд 
  • Муж улсын эмнэлгүүд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа бүх өвчтөнг эмчлэх боломжтой үед 
  •  “Covid-19”-ийн шинж тэмдэг илэрсэн бүх хүнээс шинжилгээ авах боломжтой үед
  • Халдвар авсан хүмүүстэй ойр хавьталтай байсан хүмүүст хяналт шалгалт хийх боломжтой үед 

Хоёрдугаар алхам. Муж улсуудад авсан хязгаарлалтыг ээлж дараатайгаар цуцлах. Энэ үе шатанд сургуулиудыг нээж, бизнес эрхлэгчид ажилдаа эргэн орох боломжтой хэдий ч олон нийтийн арга хэмжээг цуцалсан хэвээр байлгаж, олон нийт зай барих журмаа дагаж мөрдсөөр байх хэрэгтэй. Ингэх нь халдварын давалгаа дахин дэгдэхээс урьдчилан сэргийлэх алхам юм. Үүнээс гадна халдвар авах өндөр эрсдэлтэй, 60-аас дээш насны иргэдийн харилцаа холбоог хязгаарлах шаардлагатай.


Гуравдугаар алхам. Нийгмийн харилцаа холбооны хязгаарлалтыг цуцлах. Эмч нар бие нь хүнд байгаа өвчтөнүүдийг аварч чаддаг болсон үед эсвэл үр дүнтэй вакцин гарган авсан үед ойр хавьтлын хязгаарлалтыг цуцалж болох юм.


Ийм алхамд хүрэхийн тулд урт замыг туулах шаардлагатай болоод байгаа нь үнэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг 18 сарын хугацаанд хэвээр байлгах шаардлагатай аж. Учир нь энэ хугацаа нь вакцин гарган авахад шаардагдах хугацаа юм. 


Дэлхий даяар олон хүн ажлаа алдаж, мөнгөгүй болоод байгаа энэ үед хүмүүс 18 сарын хугацаанд өөрийгөө тусгаарлах дэглэмийг бүрэн сахиж чадах болов уу?


Зарим хязгаарлалтыг 3-аас 4 сарын дараа цуцалж магадгүй гэж Лондоны эзэн хааны коллежийн профессор Нил Фергюсон үзэж байна. Халдварын тохиолдлуудын тоонд хяналт тавихын тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг ахин дахин нэвтрүүлж, цуцлах шаардлагатай болох нь үнэн юм.


“Бодит байдал дээр Их Британи энэ замыг сонгож чадахгүй. Үйлдвэрүүд үйл ажиллагаагаа богино хугацаанд сэргээж, тахал судлаачид шаардлага тавих үед үйл ажиллагааг нь буцааж зогсоогоод байх хүндрэлтэй. Түүнчлэн, Английн банк, төрийн сан улс орноо дампууруулахгүйгээр 18 сарын туршид иргэдэд нөхөн төлбөр олгох боломжгүй” гэж Нил Фергюсон ярьжээ. 

Холбоотой мэдээ