Төв захад иргэдийн худалдан авалт 80 орчим хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойших хугацаанд иргэдийн худалдан авалт 80 орчим хувиар буурсан байна. Худалдааны төвүүд түрээсийн төлбөрөө 50 хувиар бууруулсан хэдий ч түрээслэгчид төлбөрөө төлж чадахгүйд хүрчээ.
“Худалдан авагч бараг байхгүй, гэсэн ч түрээсээ төлөхийн тулд аргагүй эрхэнд сууж байна” хэмээн түрээслэгчид хэлж байв. Төв барааны захад орлого оруулагчдын ихэнх нь хөдөөний малчид бөгөөд 2 сараас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байгаагаас малчдын төвд орж ирэх хөл хөдөлгөөн эрс хумигджээ.
Худалдаачид 1 сараас хойш бараагаа татаагүй тул дулааны улиралд өмсөх хувцас, эд зүйлсийн сонголт багатай, үлдэгдэл бараагаа зарж байгаа бол хүнсний худалдаа хэвийн түвшинд байгаа аж.