Ц.Эрдэнэсүрэн: Дундговь аймгийг хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн жишиг аймаг болгоно

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-07 12:38:36
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг Хүний нөөцийн бодлого боловсруулах чиглэлээр Канадын Засгийн газрын MERIT (Институцын өөрчлөлтөөр уул уурхайн салбарыг сайжруулах нь) төслийн багт хүсэлт гаргасны дагуу суурь судалгаа хийхээр гурвалсан гэрээ байгуулжээ. Тиймээс энэ асуудлыг тодруулахаар аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа.  


-Дундговь аймаг Хүний нөөцийн бодлого боловсруулахын тулд суурь судалгаа хийхээр болсон байна. Энэхүү судалгааны ажлыг хаанаас ямар байгууллага гүйцэтгэх вэ, хүний нөөцийн бодлого боловсруулах хэрэгцээ, шаардлага юунд байв?

-Аймгийн ЗДТГ-аас MERIT төсөлд санал хүргүүлсэн юм. Өмнө нь энэхүү төслийн хүрээнд бид хамтарч ажиллаж байсан, манай төрийн албан хаагчдыг чадавхжуулах, чанарын удирдлагын тогтолцоог аймгийн ЗДТГ-таа хэрэгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байсан учраас бид хандсан юм.

Хүний нөөцийн бодлого боловсруулах зайлшгүй шаардлага өнөөдөр манай аймагт тулгамдаад байгаа. Учир нь мэргэжлийн боловсон хүчний дутагдал маш их байна.

Манай аймагт ЗДТГ, агентлагууд, 15 суманд нийт 133 төрийн байгууллага үйл ажиллагаа явуулж, 3130 гаруй төрийн албан хаагч ажилладаг. Тэдгээрийн 3,5 хувийг улс төрийн албан хаагч, 12,3 хувийг төрийн захиргааны албан хаагчид, 4,2 хувийг төрийн тусгай албан хаагчид, 80 гаруй хувийг төрийн үйлчилгээний албан хаагчид эзэлдэг.

Аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудад өнөөдөр 170 гаруй сул ажлын байр байна. Түүний 50-60 хувийг ХАА, мал эмнэлгийн мэргэжилтэн эзэлж байгаа. Тэгэхээр манайд ийм мэргэжилтний хэрэгцээ байна гэсэн үг.

Нөгөөтэйгүүр төрд ажиллаж байгаа хүмүүсийн маань ур чадварын асуудал чухлаар тавигдаж байна. Мөн тэдний ажиллах чин хүсэл эрмэлзэл, ажлын байран дахь сэтгэл ханамжийн асуудал ямар байна энэ мэтчилэн бодлогоор зохицуулах асуудлууд байгаа учраас хүний нөөцийн бодлого боловсруулах хэрэгцээтэй байна.

Хөгжил гэдэг маань хүнээсээ л эхэлнэ. Иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлж чадах, чиглэл чиглэлээр ажиллах мэдлэгтэй, чадвартай тийм л боловсон хүчин чухал хэрэгцээтэй байгаа юм. Түүний тулд эхлээд өнөөгийн байгаа нөхцөл байдал, нөөц боломжоо тодорхойлох судалгаа хийнэ.

Судалгаа хийх байгууллагаар VMLY&R-Монгол байгууллага сонгогдсон. Өнгөрсөн долоо хоногт MERIT төслийн баг, судалгааны байгууллагатайгаа гурвалсан гэрээ байгууллаа. Ингээд энэ ажил маань эхлэх гэж байна.

-Хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох энэ судалгааг ямар чиглэлээр хийх вэ, энэ тухай илүү тодруулж ярина уу?   

-Судалгааг дөрвөн чиглэлээр хийхээр төлөвлөж байгаа. Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын хангамж ямар байна, энэ асуудлыг нэгдүгээрт судалж үзнэ.

Хоёрдугаарт төрийн багууллагад ажиллаж байгаа албан хаагчдын ур чадвар ямар байгааг тодорхойлно.

Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд манай аймаг MERIT төслийн дэмжлэгтэйгээр төрийн захиргааны албан хаагчдын ажлын байр, албан тушаалын тодорхойлолтыг хийж, Төрийн албаны зөвлөлд танилцуулан батлуулсан. Энэ ажил бол боловсруулах, баталгаажуулах, хэрэгжүүлэх гэсэн үе шаттайгаар хийгддэг ажил. Бид боловсруулалтын үе шатаа давсан, батлуулаад авсан, одоо хэрэгжилтийг хангах асуудал чухал байгаа.

Өмнөх ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад шинээр боловсруулсан энэ ажлын байрны тодорхойлолт бол ур чадварт суурилсан гүйцэтгэлийг шаардаж байгаагаараа онцлогтой. Ур чадварыг таван чиглэлээр тодорхойлж байгаа. Тэгэхээр албан хаагчид маань энэ ур чадваруудын аль түвшинд нь байна, түвшинг нь хэрхэн ахиулахав, хэрхэн хөгжүүлэх вэ, ямар түвшинд хүргэх вэ гэдгийг  судалгаагаар тодорхойлно гэсэн үг.

Дараагийн судлах нэг чиглэл бол төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийн асуудал. Төрийн үйл ажиллагаа гэдэг бол хүний л үйл ажиллагаа. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа төрийн албан хаагчдын маань сэтгэл ханамжийн асуудал хамгийн чухал зүйл гэж харж байгаа. Сэтгэл ханамж, ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэх зориг, хүсэл тэмүүлэл ямар байна вэ, энэ бол тэр хүний ажлын бүтээмж, иргэдийн сэтгэлд хүрсэн чанартай үйлчилгээ үзүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймээс энэ зүйлийг судална.

Мөн нөөцийн тухай асуудал. Өмнө нь нийгмийн захиалгаар гэх юм уу, мэрэгжилтэй боловсон хүчнээ төлөвлөгөөтэйгээр бэлтгэж байсан бол сүүлийн жилүүдэд энэ алдагдсан учраас манай аймаг мэргэжлийн боловсон хүчний хомсдолд хүрсэн байх. Хүний эрхтэй холбоотойгоор хүүхдүүд өөрсдөө хүссэн мэргэжлээ сонгодог болсон, эргээд ажлын байр байхгүй болохоор тэд нар ихэнх нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа юм.

Эцэг эхчүүд ч чиглүүлж өгч чадахгүй, төр ч бодлогоор үүнийг зохицуулахгүй явсаар мэргэжлийн боловсон хүчний, өөрөөр хэлбэл хүний нөөцийн хомсдолд орсон байна.

Тиймээс орон нутагтаа мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх ямар нөөц боломж байна, юун дээр илүү анхаарч бодлогоо чиглүүлэх ёстой вэ гэдгийг энэ судалгаагаар тодорхойлно гэсэн хүлээлттэй байна.

Энэ бодлогын бичиг баримтыг боловсруулж, хэрэгжүүлэхэд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

“Дундговь аймгийг хүний нөөцийн бодлого төлөвлөлтийн жишиг аймаг болгоно” гэсэн үзэл санаан дээр MERIT төслийн баг ч Төрийн албаны зөвлөл ч гэсэн санал нэгтэй байгаа гэдгийг танилцуулахдаа таатай байна.

-MERIT төслийг ямар хугацаанд хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрсэн бэ?

-MERIT бол Канадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн төсөл. Канадын Засгийн газар өөрөө хариуцлагатай уул уурхайг бий болгох чиглэлээр маш их туршлагатай. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд төр өөрөө маш их чадвартай байх ёстой гэж үздэг учраас төрийн байгууллагыг чадавхжуулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Гурван жилийн өмнө энэхүү төслийн хүрээнд хамтарч ажиллах гэрээ байгуулж байсан. Энэ үйл ажиллагааны хүрээнд уул уурхай руу чиглэсэн олон ажлыг зохион байгуулсны зэрэгцээ хамгийн гол нь төрийн албан хаагчдыг чадавхжуулах маш олон ажлыг хамтран зохион байгуулсан. Тухайлбал, манай ЗДТГ-ыг ISO:9001-2015 “Чанарын удирдлагын тогтолцоо” Олон улсын стандартыг хангасан байгууллага болоход гол туслалцааг үзүүлсэн.

Олон улсын стандартад нийцсэн төрийн үйлчилгээг үзүүлдэг байгууллага болоход аймгийн ЗДТГ төрийн бусад байгууллагуудаа уриалж, өөрсдөө энэ стандартыг хангасан байгууллага болох зорилт тавиад ажиллаж байна.

Энэ стандартыг хэрэгжүүлэх нь олон үе шаттай ажил байдаг. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаардах тийм л ажил. Маш олон үе шаттай сургалтууд зохион байгуулсан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж дууссаны дараагаар баталгаажуулалт хийдэг.

“Чанарын удирдлагын тогтолцоо” Олон улсын энэ стандартыг бизнесийн багууллагууд бол туршаад, хэрэгжүүлсэн байдаг. Харин төрийн байгууллагуудын хувьд таван аймгийн ЗДТГ 2010 оноос эхлээд хэрэгжүүлсэн туршлага байдаг юм байна лээ. Бид нар Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын туршлагыг судалж байсан.

MERIT төслийн хувьд санхүүгийн тодорхой хувийн дэмжлэг үзүүлсэн, долоон зөвлөх ирж ажилласан. Маш их туршлагатай, төрийн албанд олон жил ажилласан, сайн дурын зөвлөхүүд чиглэл чиглэлээр ирсэн. Энэ бол маш том хөрөнгө оруулалт юм.

Энэ стандартыг хэрэгжүүлэхэд “United management consulting” гэдэг зөвлөх үйлчилгээний байгууллага манай дээр ажилласан. Маш их туршлагатай, чадвартай ийм зөвлөхүүд ажилласанд бид маш их баяртай байгаа.  

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр сургалтууд хийсэн, бодлогын баримт бичиг боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Канадаас зөвлөх ирж, нөхцөл байдлын судалгаа хийгээд байгаа.

Хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр мөн л сургалтууд хийлээ, ажлын байрны тодорхойлолт гаргахад маш их туслалцаа үзүүлж, хамтран ажиллалаа. Хүний нөөцийн клуб байгуулах, үйл ажиллагаагаа тогтворжуулахад дэмжиж ажилласан.

Энэ төслийг хэрэгжүүлэх үеэр Монгол Улсад төрийн албаны шинэчлэл хийгдсэн нь маш их ач холбогдолтой байсан гэж боддог.

Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулна гэдэг бол маш их ажил, маш их цаг хугацаа шаардсан ажил байсан. Энэ ажлыг гүйцэтгэхэд MERIT төслийн баг манай аймагт тусгайлан жижиг төсөл хэрэгжүүлж, аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ дээр зөвлөх баг ирж, ажиллаад ажлын байрны жишиг тодорхойлолтыг гаргаж өгсөн.

Нэг ажлын байрны тодорхойлолт гаргахад л тухайн ажилтныг ажиглана, ажлын найман цагт тухайн ажилтны хийх ажлыг яг тодорхойлж гаргаж байсан болохоор энэ бол маш бодитой гарсан гэж болно.

Ингэснээр чиг үүргийн давхардал, хийдэл үгүй болж, хийх ажил нь маш тодорхой болж байгаа юм. Ажилтан бүрийн хийх ажил нь тодорхой болоод ирэхээр байгууллагын өөрийнх нь ажил, чиг үүрэг тодорхой болж байгаа.  

Манай байгууллагын хувьд энэ стандартыг баталгаажуулах хүсэлтээ мэргэжлийн байгууллагад хүргэчихсэн байгаа. Удахгүй ISO:9001-2015 Олон улсын стандартыг хэрэгжүүлсэн байгууллага болж, гэрчилгээгээ авна гэж найдаж байгаа.

Мэдээж тодорхой үр дүнгүүд гарсан. Аймгийн ЗДТГ ажлаараа өнгөрсөн онд 12 дугаар байрт жагссан, өмнөх жилийнхээ үр дүнгээс гурван алхмаар урагшилсан байгаа, дараа жил бүр урагш давшина л гэж бодож байна.

Хүний хандлагыг өөрчилнө гэдэг маань цаг хугацаа шаардана, үр дүн нь удаан харагддаг.  Ямар ч байсан MERIT төсөл манай төрийн албан хаагчдын хөгжих суурийг тавьж чадсан, зөв чиг зүгийг бий болгосон. Эхнээсээ бид энэ л үр дүнг хүлээж байсан.  

Гурван жилийн хугацаанд маш сайн хамтарч ажиллаж чадсан гэж боддог юм.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ