Нийтийн барилга байгууламжууд “дунд эрсдэлтэй” гэж тооцогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-06 12:46:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар тус аймгийн орон сууц, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн барилгын ашиглалт “дунд эрсдэлтэй” гэж тооцогджээ. Эрсдэлийн үнэлгээ хийсэн барилгын 28 нь бага, 91 нь дунд, 38 нь их эрсдэлтэй гэж үнэлсэн байна.

          -Энэ онд Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран гамшгийн эрсдэлийн судалгааг аймгийн хэмжээнд хийнэ. Нийтийн барилга байгууламжийг хамруулан эрсдэлийн үнэлгээ хийж, актлах, засварлах барилгыг эрэмбэлсэн жагсаалт гаргаж аймгийн удирдлагад танилцуулахаар төлөвлөж байна. Мэргэжлийн байгууллагууд эрсдэлийн үнэлгээний дагуу жил бүрийн төсөвт барилга барих, засварлах хөрөнгө оруулалтыг оновчтой болгох санал гаргаж шийдвэрлүүлэхээр зорьж байгаа юм гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Ууганбаяр ярилаа.

          Тус аймагт өнгөрсөн онд ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг акталж, шинээр сургууль нэг, олон нийтийн барилга гурвыг барьж ашиглалтад оруулсан байна. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн найман барилгад их засвар хийж гамшгийн эрсдэлийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авчээ.

Холбоотой мэдээ