“Технологийн жишиг кабинет”-ийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-01 02:21:35

Дархан сумын Ерөнхий боловсролын 9, 15 дугаар сургуулиуд аймагтаа анх удаа “Unimat Education”-ний иж бүрэн тоног төхөөрөмжтэй сургууль боллоо.

Тус хөтөлбөрөөс энэ оны гуравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгний хооронд аймгийн нийт ЕБС-уудын дунд “Технологийн жишиг кабинет” тохижуулах төслийн уралдаан зарласан. Энэхүү уралдааны дүн гарч шалгарсан дээрх хоёр сургууль  “Технологийн жишиг кабинет”-ийнхээ нээлтийг хийлээ. Тус кабинетэд “Дархан Нутгийн хөгжлийн хөтөлбөр”-өөс тус бүр нь найман үйлдэл бүхий 20 ш сурагчийн “Unimat Basic” төхөөрөмж, тус бүр нь 12 үйлдэл бүхий хоёр багшийн “Unimat Metal-line” төхөөрөмж мөн дагалдах хэрэгслүүд, зориулалтын ширээ, гарын авлага зэрэг нийт 21 сая  төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хоёр сургуульдаа хандивлав.

Энэ нь хүүхдүүдийг амьдрах ухаанд сургах, технологийн хичээлд дур сонирхолтой болгох, цаашид улсын болон олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргах боломж нэмэгдэх зэрэг хүүхдүүдийн ирээдүйд оруулж буй үнэтэй хувь нэмэр боллоо.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ