Д.Баатарсайхан: Төрийн албан хаагчид тангаргаа үндэсний бичгээрээ биччихдэг байх нь зүйтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2020-04-06 11:49:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол бичгийг 2025 оноос төрийн албанд хослуулан хэрэглэхээр хуульчилсан. Үүний бэлтгэлийг хэрхэн хангаж буй талаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаас тодрууллаа.


-Төрийн албаны зөвлөл хуулийн дагуу, төрийн албанд анх орсон иргэнээс монгол хэлний шалгалт авдаг. Монгол хэлний шалгалтыг хэдэн оноос, хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Төрийн албаны зөвлөлийг 1995 онд анх байгуулж төрийн албанд орох иргэний мэргэшлийн шалгалтыг 1996 оноос зохион байгуулж эхэлсэн. 1996-2007 он хүртэлх хугацаанд  жилд нэг удаа шалгалт авдаг байсан. Шалгалтаар төрийн албанд орох гэж байгаа иргэний зарим нэг чадварыг тодорхойлохын тулд монгол хэлний сорил, даалгаврыг анхан шатны байдлаар авдаг байв.

2015 онд Монгол хэлний тухай хууль батлагдсан. Энэхүү хуульд Төрийн албаны зөвлөл төрийн албанд орох гэж буй  иргэдээс шалгалт авна гэж тусгасан байдаг. 2017 онд Төрийн  албаны хуулийг шинээр баталж 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Энэхүү хуульд асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах зэрэг төрийн албаны шалгалтын агуулгыг баталж өгсөн. Эдгээр ур чадварын агуулгын зэрэгцээ монгол бичгийн мэдлэг чадварыг үнэлж дүгнэнэ хэмээн заасныг баримтлан холбогдох дүрэм журамд эх хэлний шалгалт авах зохицуулалтыг тусгаж шалгалт авч байна.

Ер нь 2013 оны 8 дугаар сараас монгол хэл бичгийн сорил даалгаврыг төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүтэц оруулан шалгалтыг авч эхэлсэн. Өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 21 403 иргэн монгол хэлний шалгалт өгснөөс 16 540 иргэн тэнцсэн. Үүнээс үзэхэд 77 хувь нь тэнцэж байгаа юм. Үзүүлэлтээс магтах, шүүмжлэх зүйл ч гардаг. Яагаад ийм өндөр гарч байна вэ гэхээр, бид монгол хэл, түүх, өв соёлоо мартахгүйн тулд маш энгийн даалгавруудыг оруулдаг. Одоо ч хэвээр. Монгол бичгээр бичсэн үгийг кирилээр тайлж унших, кирилээр бичээд монгол бичиг рүү хөрвүүлэх зэрэг мэргэжлийн хэмжээнд биш маш энгийн үгс байдаг. Тухайлбал, өрөө тасалгаа, аав ээж гэх мэт.


-Шалгуулагчдын эх хэл, бичгийн мэдлэгийн түвшин ямар байдаг вэ. Тэнцэхгүй тохиолдол гардаг уу?

-Тэнцэхгүй тохиолдол гарсан гэж хэлэхэд хэцүү байна. Яагаад гэвэл, зөвхөн монгол хэлний шалгалт авч босго оноонд хүрнэ гэсэн ойлголт байхгүй. Нийт авч байгаа шалгалтын багцын нэг нь монгол хэлний шалгалт юм. 30 асуултаас 5 нь монгол бичигтэй холбоотой. Тиймээс тэнцэхгүй гэсэн зүйл байхгүй. Өнгөрсөн онд шинэ хуулийн зохицуулалтаар шалгалт авсан. Улсын хэмжээнд 8800 гаруй хүн бүртгүүлснээс 7 мянга гаруй иргэн шалгалтад орсон. Үүнээс ерөнхий мэдлэгийн шалгалтад 1588 хүн тэнцсэн. Эдгээрээс монгол хэл, бичгийн шалгалт авахад 1443 хүн тэнцсэн. Нийт дүнгээр 1116 хүн нөөцөд байгаа гэсэн үг. Энэ хүмүүс зөвхөн монгол хэлний шалгалтын үзүүлэлтээр биш өгч байгаа багц шалгалтын үр дүнгээр тэнцсэн гэсэн үг.

Үүнийг залуучууд төрд ажиллах гэж байгаа хүнээс яагаад Монголын түүхээр шалгалт авдаг юм бэ гэж шүүмжилдэг. Мөн “шалгалтад унагаахын тулд монгол бичгийн шалгалт авч байна” гэсэн. Үүнд зарим нэг ахмад настан хүртэл нэгдээд эсэргүүцэж байсан нь үнэхээр эмгэнэлтэй санагдаж байсан. Гадаадад хурал чуулганд оролцож байхад “Монгол Улс босоо бичигтэй” гэхэд нь  “мэдэхгүй ээ” гэвэл ичгэвтэр байдалд орно. Тиймээс ядаж нэрээ бичиж сурах хэрэгтэй. Төрийн албан хаагчид тангаргаа үндэсний бичгээрээ биччихдэг байх нь зүйтэй. Тангараг бол кирилл бичгээр бичихэд 3 урт өгүүлбэрт л багтдаг.


-Шалгалтыг ямар давтамжтай авч байна вэ?

-1996-2007 оныг хүртэл жилд нэг удаа шалгалт авч байсан. Шинэ хуулийн зохицуулалтаар жилд 2-оос доошгүй удаа шалгалт зохион байгуулна гэж заасан. Хуулийн дүрэм журмын ихэнх нь 2019 онд багтаж батлагдсан. Тиймээс 2019 онд 2 удаа шалгалт авах боломж байгаагүй. Шалгалтын бүтцэд ерөнхий мэдлэг, монгол бичиг, дүн шинжилгээ хийх гэсэн 3 шалгалт багтдаг. Бүгд тус тусдаа босго оноотой. Гурван шалгалтын нийлбэр дүн буюу 65-аас дээш оноотой байвал тэнцдэг зохицуулалттай. Тэгэхээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын шалгалтад 8 мянга гаруй иргэн бүртгүүлээд 7 мянга гаруй нь шалгалтад орж гурван шалгалтын дүнд 1116 хүн тэнцэнэ гэдэг бол харьцангуй бага дүн юм. Ерөнхий шалгалтын босго үнэлгээг даваад монгол хэлний шалгалт өгч тэнцсэн хүн бол харьцангуй сайн үзүүлэлттэй. Учир нь өмнөх оны материал, сорил даалгавраас  орж ирж байгаа. Шүүмжлэлтэй байгаа тал нь шинэ хуулийн зохицуулалтаар өнгөрсөн 11 дүгээр сард шалгалтад Монголын түүх, монгол бичгийн даалгавар бие даасан байдлаар шалгалтын бүтцэд орж тэр нь босго оноо, үнэлгээтэй байсан. Үүнийг залуус нэлээн эсэргүүцсэн.

Тэгэхээр бид төрийн албаны шинэтгэлийн хүрээнд АНУ, Канад, Япон, БНСУ, Сингапур зэрэг орны төрийн албанд иргэдээ шалгаруулдаг арга, туршлагаас бага боловч судалж үзлээ. Хамгийн ойрын жишээ гэвэл БНСУ, Япон байна. Төрийн албанд орох хүсэлтэй иргэдээс авах шалгалтын хамгийн эхний шалгалт нь өөрийн орныхоо түүх, соёл, заншилтай холбоотой даалгавар байдаг. Тэгэхээр манай улс энэхүү шалгалтыг авдаг болсон нь зөв зүйтэй. Шалгалтын хоёр дахь үе буюу дараагийн шалгалт нь эх хэлээ мэдэж байна уу гэдэг сорилт хүлээж байдаг. Манай орны хувьд залуус “мессэжний хэл” хэмээн хоорондоо харилцахдаа үгээ товчилж, дуудлагаараа бичдэг болсон нь нууц биш. Энэ нь эх хэлээ мартах, хэл бичгийн дүрэмгүй болох гээд олон эрсдэлийг дагуулж байна. Үүнээс сэргийлэх зорилготой.


-Шалгалтын агуулгыг хэрхэн шинэчилж өөрчилдөг вэ?

-Шинэ даалгавар хараахан хийгээгүй. Гэхдээ Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөл /ХБҮЗ/-д санал хүсэлтээ явуулсан. Материал  4 дүгээр сард багтан ирэх болов уу. Шалгалтын сорилыг манай байгууллага боловсруулдаггүй. Харин мэргэжлийн байгууллагууд буюу МУИС, МУБИС зэрэг бүх төрийн өмчийн их, дээд сургуулиудын хэл судлаач, хэлний тэнхимийнхэн, эрдэмтэн мэргэдийн оролцоо, зөвлөмжийн дор  боловсруулдаг.


-Монгол хэлний шалгалтын агуулгыг ХБҮЗ баталдаг. Харин шалгуур даалгаврыг БСШУСЯ бэлтгэж боловсруулдаг. Эдгээр байгууллагатай ямар уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-БСШУСЯ-тай холбоотой ажилладаг.


-“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3”-ийг засгийн газар саяхан баталлаа. Хөтөлбөрийн дагуу, Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчдыг монгол бичигт сургах талаар тодорхой үүрэг хүлээж байна. Энэ чиглэлээр цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Дээрх аяныг эхлүүлж байгаатай холбогдуулан олон ажил хийж байна. Тухайлбал, Мэдээлэл, харилцаа холбооны агентлаг гээд төрийн байгууллага бий. Энэ агентлаг монгол бичгээр бичдэг, хөрвүүлдэг олон улсын түвшинд хэрэглэж болох “unicode” программыг хэрэглээнд оруулахаар ажиллаж байна. БСШУСЯ-наас шалгалтын агуулгад ХБҮЗ-тэй хамтарч ажиллах, төрийн албанд орж байгаа иргэдээс хэлний шалгалт авах гэхчлэн ажлууд хийж байна.


-2025 оноос монгол бичгийг төрийн албанд хослуулан хэрэглэхээр хуульчилсан. Төрийн албаны зөвлөлийн хувьд ямар бэлтгэлүүдийг хангаж байна вэ?

-Хосолсон бичигт шилжихээр маш олон ажил хийж байгаагийн нэг хэсэг нь Төрийн албаны зөвлөлийн төрийн албаны сонгон шалгаруулалттай холбоотой шалгалтын сорил даалгаварт багтаж байна. Хосолсон бичигт таван жилийн дараа шилжинэ гэхээр хугацаа давчуу болж байна. Төрийн байгууллагуудад энэ чиглэлээр ажил хийж байна. Тухайлбал, намайг ХНХЯ-нд ажлаар явж байхад албан хаагчдынхаа хувийн хэргийн хавтасны гаднах хаяг, албан хаагчдын нэрсийг бүгдийг нь монгол бичгээр бичсэн байсан. Тэгэхээр түүнийг уншихын тулд монгол бичиг сурах хэрэгтэй болно. Мөн өнгөрсөн жил Баянхонгор аймагт явж байхад тус аймгийн ИТХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь монгол бичгээр нэлээд сайн бичээд сурчихсан, хүүхэд залуучууд болон төрийн албан хаагчиддаа зааж байсан. Тиймээс хосолмол бичигт шилжих гэж байгаа өнөө цагт ганц Төрийн албаны зөвлөл биш сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн захиргааны байгууллага, яам, ХБҮЗ гээд тал талаасаа хамтарч ажиллах ёстой. Наад зах нь байгууллагын хаягийг хоёр хувилбараар бичих, зүгшрүүлэх  чиглэлийн сургалт сурталчилгаа явуулах хэрэгтэй. Бид хөдөө орон нутагт ажиллаж байхад хүмүүс “монгол бичигт шилжихээр дэлхийн соёлоос хоцорчих юм биш үү” гэдэг. Тиймээс хосолмол бичиг хэрэглэх шаардлагатай болж байна. 


-Ер нь хэзээнээс хэдий хүртэлх хугацаанд төрийн хэргийг монгол бичгээр хөтөлж байсан түүхтэй байдаг юм бэ?

-Монгол бичгээ төрийн хэрэгт XIII зуунд хэрэглэж байсан. Түүнээс хойш 1946 он хүртэл монгол бичгээр бичдэг байсан. Мөн монгол бичиг латин үсэгт шилжсэн зэргээр солигдож байгаад 1940-өөд оноос крилл бичигт шилжсэн.

 

 

 

Холбоотой мэдээ