Сумын эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-01 09:49:41

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Д.Мишигдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж, байнга хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад тус сумын удирдлагууд талархал илэрхийллээ.

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл судлалын тасгийн эрхлэгч, гэмтлийн мэс засалч эмч, сумын хүндэт иргэн М.Болдбаатар, Уламжлалт анагаах ухаан, технологийн үндэсний хүрээлэнгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч эмч М.Доржлхам, аялал жуулчлалын Жигүүр ХХК-ийн захирал М.Доржханд нарын гэр бүлээс сумын эрүүл мэндийн төвд 3,5 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмж бэлэглэсэн байна. Нярайн шарлалт хэмжих багаж, эмчилгээний тоног төхөөрөмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан тэргэнцэр, эмнэлгийн зориулалтын амны хаалт зэргийг хандивлаж, уугуул нутгийнхаа иргэн бүр эрүүл өсөн торниж, эмгэг өвчин, тахал холуур байхын ерөөл дэвшүүлжээ.

Д.Мишигдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд 2008 оноос хойш эмнэлгийн тусгай тоноглолтой NISSAN CRAWON автомашин, хяналтын мониторинг, суурин ЭХО аппарат, эмнэлгийн ор хандивлаж, хатуу эдлэлийг шинэчлэхэд дэмжлэг үзүүлж байсны дээр аймгийн урд бүсийн найман сумын эмч мэргэжилтнүүдэд “Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж”, “Амилуулах суурь тусламж”-ийн сургалт, ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хорооноос зохион байгуулсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшил, хариуцлага” сэдэвт сургалтыг тус тус орон нутагт зохион байгуулж байжээ.

Холбоотой мэдээ