Хүний эд эсийг үүдэл эсийн уургийн тусламжтайгаар залуужуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-03-25 18:10:14

МОСКВА. /TASS/. Америкийн молекулын биологичид анх удаа үр хөврөлийн үүдэл эсэд байдагтай ижил төстэй уураг болон дохионы бусад молекулуудыг ашиглан хөгшин хүний эд эсийг залуужуулж чаджээ. Эрдэмтдийн бүтээлийг тайлбарласан нийтлэлийг “Nature Communications” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.


“Бид “дахин программчилсан” үүдэл эсийг үүсгэх үед энэ үйл явц нь өмнөх эсүүдээ залуужуулж, биеийн ямар ч эс болон хувирах чадварыг өгч байсан. Ингээд бид эсийн функц үйл ажиллагааг эвдэхгүйгээр үүнтэй төстэй байдлаар "цагийг ухраах" боломжтой эсэх талаар бодож эхэлсэн. Тэгээд үүнийг хүний биеийн янз бүрийн эсүүдэд хийж болох юм байна гэдгийг олж тогтоосон” гэж судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг болох Стэнфордын их сургуулийн доцент Витторио Себастиано ярьжээ.


Үр хөврөлийн эсүүд болон үүдэл эсүүд нь бараг үхэшгүй мөнх бөгөөд тодорхой тэжээллэг орчинд тодорхойгүй хугацаагаар амьдарч, хязгааргүй удаа хуваагдаж чаддаг ажээ. Харин “насанд хүрсэн” эсүүд ийм чадвараа алддаг бөгөөд ойролцоогоор 40-50 дахь мөчлөгийнхөө үед хуваагдахаа больж, молекулын биологичдийн хөгшрөлт гэж нэрлэдэг амьдралын тусгай үе шатанд ордог байна.


Яагаад ийм зүйл болдгийг одоогоор тогтоож чадаагүй байгаа юм. Гэхдээ олон эст бүх амьтны бие организмын энэхүү онцлог чанар нь хорт хавдар тусах магадлалыг багасгадаг гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Хүний биеийг залуужуулахын тулд үүдэл эсийн үйл ажиллагааг хариуцдаг генийг хэрхэн "асааж" болохыг биологичид сүүлийн таван жилийн хугацаанд судалжээ. Ийм төрлийн анхны туршилтыг тэд 2016 онд хулгана дээр хийсэн бөгөөд залуужуулах ийм аргын ачаар хулганын амьдрах хугацаа 20 хувиар уртасжээ.


Себастиано болон түүний хамт ажиллагсдын үзэж байгаагаар, тэдний явуулсан туршилт нь уураг болон тэдгээрийг үүдэл эс болгон хувиргах үүрэгтэй дохионы янз бүрийн молекулууд нь программчилсан эсэд харьцангуй богино хугацаанд нөлөөлбөл тэдгээр нь анхны төлөв рүүгээ буцдаг болохыг харуулж байна.


Энэхүү амжилт нь Стэнфордын эрдэмтдэд дараагийн логик алхмыг буюу хүний эсэд дээрх туршилтыг хийх урам зоригийг өгчээ. Эрдэмтэд туршилтад сайн дураар оролцсон ахимаг насны хүмүүсийн арьсны болон холбогч эдийн, мөн хөгшин хулгануудын булчингийн эсийн дээжийг авч залуужуулахыг оролдсон байна.


Эрдэмтдийн явуулсан гурван туршилтаар эсүүд 3-7 жилээр залуужиж, энэ нь ч мөн ДНХ-гийнх нь уургийн бүрхүүлийн бүтцэд төдийгүй амин чухал үүргүүдэд илэрчээ. Тухайлбал, туршилтын хулганын биед эргүүлэн суулгасан “залуужсан” булчингууд нь залуу мэрэгчдийн булчинтай ижил хүч чадлыг харуулж байсан бол ахимаг насны сайн дурынхны арьс болон шөрмөснүүдийн эд эс нь тэжээллэг бодисыг илүү идэвхтэй боловсруулж байсан байна. 


Холбоотой мэдээ