Дөрвөн нохой, хоёр мал галзуугаар өвчилжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-03-11 22:11:30

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн гурван суманд мал амьтны галзуу өвчин бүртгэгдэж, тус өвчнөөр өвчилсөн дөрвөн нохой, хоёр малыг  устгасан гэх мэдээллийг аймгийн Мал эмнэлгийн газар /МЭГ/-аас өглөө.

Өвчний анхны дуудлага 02 дугаар сарын 01-нд Баруун-Урт сумаас ирсэн. Газар дээр нь очиж ажиллахад нохой галзуурсан байсан. Үүнээс хойш өнөөг хүртэл аймгийн хэмжээнд Баруун-Урт, Эрдэнэцагаан, Баяндэлгэр суманд галзуу өвчин бүртгэгдээд байна. Галзуугаар өвчилсөн тохиолдолд ямар ч эмчилгээ байдаггүй учир өвчилсөн мал, амьтанд хийсэн лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн бүгдийг газар дээр нь устгаж, мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг хийгээд байна. Ер нь хаврын улирал эхэлж байгаатай холбоотойгоор галзуу өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна гэж аймгийн МЭГ-ын халдварт өвчин, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Идэрбат хэллээ.

Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин одоогоор хийж эхлээгүй юм байна. Учир нь вакциныг саяхнаас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхний цуврал үйлдвэрээс гарч эхэлжээ. Сүхбаатар аймгийн МЭГ-аас 10 мянган тунг эхний ээлжинд захиалаад байгаа аж. 

Холбоотой мэдээ