Афганистаны Ерөнхийлөгч талибуудыг суллахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-11 09:59:48

КАБУЛ. /BBC/. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани “Талибан” хөдөлгөөнтэй найрамдлын гэрээ байгуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтын хүрээнд 1500 талибыг суллах зарлигт гарын үсэг зуржээ.


Уг баримт бичигт дурдсанаар, бүх хоригдол тулааны талбарт гарахгүй байх баталгааг бичгээр өгөх шаардлагатай ажээ. Үүний хариуд “Талибан” хөдөлгөөн Засгийн газрын 1000 цэргийг шилжүүлэн өгөхөөр болсон байна. АНУ “Талибан”-тай байгуулсан найрамдлын хэлэлцээрийнхээ дагуу Афганистан дахь цэргүүдээ татаж эхэлсний дараа энэхүү үйл явдал болжээ.


“1500 хоригдлыг 15 хоногийн дотор буюу өдөрт 100 хоригдол суллана” гэж Ерөнхийлөгчийн зарлигт тэмдэглэжээ. Мөн хоригдлуудыг суллах үйл явцтай зэрэгцэн Афганистаны Засгийн газар болон “Талибан”-ы төлөөлөгчид хэлэлцээгээ өрнүүлэх юм. Түүнчлэн хоёр талын хэлэлцээнд ахиц дэвшил гарсан тохиолдолд Засгийн газар нийт 5000 талиб суллагдах хүртэл хоёр долоо хоног тутам 500 талибыг суллана хэмээн амласан байна. 

Холбоотой мэдээ