Дундговийн музей анхны даргынхаа нэрээр овоглодог болов

Орон нутагт | Дундговь
Otgontuya@montsame.mn
2016-04-27 22:52:14

Дундговь аймгийн музейг анхны дарга Ж.Сугирын нэрэмжит болгох тухай шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид гаргалаа.

1949 онд аймгийн Захиргааны тэргүүлэгчдийн тогтоолоор орон нутгийг судлах кабинет байгуулсан бөгөөд 1960 онд музейн зориулалттай шинэ барилга ашиглалтад орж улмаар 1966 онд Соёлын яамны сайдын тушаалаар аймгийн музей болж өргөжсөн түүхтэй. Ж.Сугир нь Орон нутгийг судлах кабинет байгуулагдахаас эхлэн даргаар нь ажиллаж, музейн барилга бариулж, музейн баялаг сан хөмрөгийг бүрдүүлэн, хөгжүүлж явсан гавъяатай хүн юм. Ялангуяа хүрлийн үеийн үзмэрүүдийг цуглуулахад онцгой анхаарч, Дундговийн музейг бусдаас ялгаруулж чадсан байна.

Тэрээр олсон ашигт малтмал, ургамлынхаа олдворыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх холын бодолтой ажиллаж байсан гэдэг. Түүний нь үр дүнд Дундговь аймагт Цагаан- Овоогийн нүүрсний уурхайг нээж ашигласаныг нь тус аймгийн ард түмэн өнөө ч ярьсаар байдаг.

Монгол орны музейн хөгжилд хувь нэмэр оруулж явсан Ж.Сугирын хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан шагналаар тус тус шагнаж байсан бөгөөд үеийн үед үйлс бүтээлийг алдаршуулж байх үүднээс ийнхүү түүний үүсгэн байгуулж, хөгжүүлж явсан музейг нэрээр нь овоглох боллоо.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ