Хандивын дансанд 834 сая төгрөг цуглажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-04 18:24:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад "COVID-19" халдвар гарахаас сэргийлэхэд нэгдэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандивыг цуглуулах ОБЕГ-ын хандивын дансанд өнгөрсөн сарын 27-ноос хойш 834 сая төгрөг цуглажээ.


ОБЕГ-аас нээсэн Төрийн банканд байрлах 1000900031405 дугаарын хандивын дансанд нийт 187 иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас дээрх мөнгийг хандивласан байна. Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд 10 нэр төрлийн 135 сая төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн хандивлажээ. Тухайлбал, ЭХЯ, түүний харьяа байгууллагууд 315 сая, Хаан банк 100 сая, Хас банк 60 сая, Баян Айраг Эксплорэйшн компани 40 сая, МУБИС-ийн ажилтан албан хаагчид нэг өдрийн цалин болох 35 сая, Лекс Ойл компани 10 сая, "108 Ойл" компани 10 сая төгрөг өнөөдөр хандивлав.



Мөн Алтанбулаг чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 1,2 сая, Замын-Үүд чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 946 мянга, Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны ажилчид 370 мянга төгрөг, Хэнтий аймгийн Норовлин сум, Увс аймгийн Малчин сумын иргэд малчид, нутгийн зөвлөлөөс тус тус 300, нийт 600 толгой хонь хандивлалаа.


Дансанд төвлөрсөн бэлэн мөнгөний зарцуулалтыг хэрэгцээт бараа материал худалдан авах зэрэгт зарцуулах юм. Харин малчид, орон нутггийнхнаас хандивласан 800 толгой хонийг хэрхэн тээвэрлэх, түүнийг тусгаарлагдсан иргэдийн хүнсэнд зарцуулах эсэхийг судалж, шийдвэр гаргахыг ОБЕГ-ын удирдлагад Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо.

Холбоотой мэдээ