П.Сүхбат: Оршихуйгаас хүнд 80 хувийн нөлөөлөл үзүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2020-03-02 15:52:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх нэг сайн арга нь зөв бодол сэтгэл, зөв үг үйлдэл гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Зөв сайхан үг хэлснээр хүний биед эерэг шүүрэл даавар ялгардаг аж. Тиймээс “Оршихуй амгалан болтугай” хэмээх үгийг байнга хэлж байхыг “Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө” ТББ-ын тэргүүн П.Сүхбат уриалж байна.


-Монголчууд сайн сайхан үгээр мэндлэн золгодог ард түмэн. Түүнчлэн үйл хийж байгаа хүнд "Үйл уран болог", "Үйл хурдан бүтэг" гэх мэтээр ерөөдөг нь үгийн сайн эрчим энергийг тухайн орчиндоо түгээх, хүмүүсийн хооронд эелдэг найрамдуу харилцаа үүсгэх ухаан байсан гэж ойлгодог. "COVID 19" халдвараас сэргийлж дархлаагаа дэмжих нэг сайн арга нь бухимдаж стрестэхгүй, эерэг үг үйлдэлтэй байх гэж байна. Монголчуудын уламжлалт зан үйлийг судалж буй хүний хувьд,  эрчим энерги ихтэй ямар үгсийг хэлж байх нь зохилтой гэж та зөвлөх вэ?

Ер нь хүн бүр эрчим энерги гэдэг талаар мэддэг болчихсон. Гэвч энэ вирусийг гэртээ тээж орохгүй байя гэвэл, "Оршихуй" гэж нэг үг байгаа. Сүүлийн үед их хэлдэг болсон. Энэ бол бидний бичил орноос эхлээд эсийн, эдийн, эрхтний, амин, био, огторгуйн орон юм. Тэгвэл үүнийг бүгдийг нь нийлүүлээд бидний төсөөлж, хэмжиж баршгүй орныг оршихуй гэж хэлээд байгаа юм. Тиймээс хүн бүр “Оршихуй амгалан болтугай” гэдэг үгийг хэлж сурах хэрэгтэй.

Бид энэ уриалгыг гаргаад нэлээн олон жил болж байна. Ингэж хэлдэг хүмүүс олширсон. Энэ үгийг хэлсэн хүн бүрт туршилт судалгаагаа явуулж байна. Хэлэх агшинд тухайн хүний дотоод шүүрлийн булчирхай эерэг эрчимлэг байдалд түгжигдэж эхэлдэг. Энэ нь шинжлэх ухааны тандалт судалгаагаар баталгаажиж эхэлж байна.

Бидний хувьд “Оршихуй амгалан болог” гэдэг үгийг 13 цаг 36 минутаас эхлэн гурван удаа хэлээч гэсэн уриалгыг анх гаргаж байсан л даа. Энэ үгийг хэлснээр булчирхайнууд буруу ажиллаж байсан бол зөв шүүрэл даавар ялгарах боломжтой болдог. Гэхдээ сөрөг даавар ялгаруулаад сурчихсан байвал нэлээн олон дахин хэлж байж булчирхайнууд нь эерэг даавар ялгаруулж эхэлдэг.


-Заавал 13.36 цагт эхэлдэг нь бас учиртай юу?

аавал тэр цагт гэсэн үг биш.  Учир нь энэ цагт элэгний идэвхжил хамгийн сулардаг. Элэг сэтгэлийг цэвэрлэдэг эрхтэн юм. Сэтгэл зүрхийг цэвэрлэх юм бол ухаан цэвэрлэгддэг. Тархинд байгаа идэвхжил ямар байдлаар идэвхждэгийг өндөр түвшинд судалж байна. Гэтэл булчирхайнуудаа удирддаг эрхтэн маань анагаах ухааны хэллэгээр хор шүүдэг эрхтэн болж байна. Яагаад хор шүүдэг эрхтэн болчихов оо. Эртний уламжлалт монгол ухаанд энэ бол байгаагүй зүйл гэж үздэг. Өнөөдрийн уламжлалт анагаах ухаан бас өөрөөр ярих байх. Гэтэл бүр эртний уламжлалт анагаах ухаанд бол элэг хор шүүх биш, харин сэтгэлийг болоод оршихуйг, мөн орон цэвэрлэдэг эрхтэн. Өөр зүйл идээд, бодоод, хэлээд, үйлдээд, үйлдвэрлээд байгаа учир түүнийг цэвэрлэж чадахгүй болчихсон байгаа учраас элэг доройтсон. Тиймээс энэ үгийг хэлэх ёстой.

Оршихуй дотор эрчим, матер, сүнс, бодитой болон, бодитой бус бүгд багтана. Тиймээс оршихуйн мөн чанарыг монголчууд 10 нас хүртлээ танин барьж ухаараад түүнээс  хойш оршихуйдаа орон, орчноо цэвэрлэх чадвартай болдог байсан. Энэ чадвар нь өнөөдөр маш их буурсан. Гэхдээ монголчуудад 300 жилийн өмнө энэ чадвар маш сайн байсан гэж би үзэж байгаа.


-Саяхан Гандантэгчинлэн хийд хэд хэдэн байгууллагатай хамтран 2019 оны хамгийн шилдэг үгийг шалгаруулж нэрлэсэн. 2020 оны хулгана жилд хүн бүр, улмаар нийгмээрээ гэрэл гэгээтэй байж шударга ёсыг цогцлоосноор амар тайван, итгэл төгс Монгол орон маань улам хөгжин дэлгэрэх болно гэсэн утга агуулгаар "Гэгээрэл ба шударга ёс" гэдэг үгсийг тодруулсан. Энэ нь мөн л үгийн эрчим энергийн тухай уриалга гэдгийг Д.Чойжамц хамба онцолж байсан?

-Тийм ээ, үгийн эрчим энергийг монголчууд нэн эртнээс шүтэж ирсэн. Энэ дадлыг хийх гэвэл та одооноос “Оршихуй амгалан болтугай” гэж байнга хэлээд явах хэрэгтэй. Оршихуй гэдэгт бид өнөөдрийн энэ орныг ярьсан. Орноос тухайн хүнд 80 хувийн нөлөөлөл үзүүлдэг. 


-Харин сөрөг муу үг их хэлэх нь ямар үр дагавартай байх вэ?

-Хүн бол энэ огторгуй ертөнцийн эзэгнэн захирагч нь. Хэрвээ хүнд ямар нэгэн сөрөг зүйл тохиолдож л байгаа бол тэр бүхнийг ерөндөглөн дарах ухааныг эзэмшээч  гэсэн дохио тэмдэг гэж ойлгох хэрэгтэй. Энэ аргачлалыг сурсан, эс сурсан хүн бүр тухайн агшныг санасан эрчмийн дамжуулалт хийгээд тэр эрчмийн дамжуулалтаар хүн өөрийн язгуур чанартай холбогдоно. Өөрөөр хэлбэл, бурхан чанар хүн бүрт байгаа юм. Тэр бол төгс гэгээрлийн нэг хэсэг буюу маш олон цаг үед амьдарч байсан цаашид үргэлжлэх сүнс гэж нэг зүйл байна аа даа. Ийм сүнс байдаг гэдгийг шинжлэх ухаан нотлоод эхэлчихсэн.  

Ер нь бол, био орны гадна талд мөн био орон дотор арьснаас дотогшоо нэлээн олон кг хог байдаг гэж үздэг. Гадны биет, хэрэггүй хог гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, сөрөг эрчим мэдээлэл. Анагаах ухаанд үүнийг 23-25 кг илүүдэл, цөмийн физик, сансар судлалын ухаанд хамгийн багадаа 1.25 кг нарийн биет буюу гадны биет гэж үзэж байна. Мөн биеийн био орон дотор 2.7 кг орчим, харин био орноос гадагшаа хэдэн тонн ч байж магадгүй гэж ярьж байгаа. 


-Тэгвэл тэр хэрэггүй хогийг хэрхэн цэвэрлэх вэ?

-Биеийн орон доторхыг хэрхэн цэвэрлэх вэ гэдгийг хүн бүр зайлшгүй сурах цаг болсон. Яагаад гэхээр хүн бүр хүссэн ч, хүсэхгүй ч, ойлгосон ч, ойлгоогүй ч эрчим дамжуулна. Шашин шүтдэг, шүтдэггүй огтхон ч хамаагүй. Монголчууд байгаль оршихуйтайгаа нэгдэл болж байсан учраас хэзээ ч муу юм хийхгүй, үйлдэхгүй байхыг эрхэмлэдэг байсан. Монголчууд гэрээ нүүлгээд ирэх жил нь шинэ ногоо ургасан зүлгэн дээр л дахиад гэрээ барьдаг шүү дээ. Ийм л сайхан уламжлалаа бид сэргээх хэрэгтэй. Тэгээд идэж уухдаа хүртэл “Оршихуй амгалан болтугай” гээд тахил өргөж байх хэрэгтэй. Тахил гээд шашны үйл ярьж байгаа юм шиг мөртлөө, оршихуйтайгаа нэгдэж байгаа ухамсрын буюу сэтгэлийн хүчийг ухамсартай нэгтгээд сүнс болоод эд эстэй эрчим бүрийг нэгтгэж байгаа оршихуйн мөн чанараа баталж байгаа хэлбэр юм шүү. Тэгэхээр идэж уухдаа, алхах гишгэхдээ, алхам тутамдаа хэлж байх нь их ач тустай. Тэгэх юм бол зөв амьсгалж, бодож, босож сурна. Буруу зүйл хийгээд байгаа хүнийг монголчууд буруу хөл дээрээ боссон хүн гэдэг. Тэгэхээр зөв хөл дээрээ босохын тулд баруун хөл дээрээ босох ёстой. Баруун хөл гэдэг маань зөв хөл. “Оршихуй амгалан болтугай” гээд зөв бодолтой босож унасан газар, угаасан усныхаа эрчим мэдээллээр цэнэглэгдэж байх ёстой. Алхам тутамдаа бид энэ монгол зан үйлээ хийгээд байх юм бол өвчин зовлон, гамшиг, хямралаас тойроод байх боломжтой. 

Энэ аргачлалыг хүн бүр сурах юм бол амар амгалан, аз жаргалтай амьдрах чадвартай болно. Тиймээс энэ цаг үед бид ариусгал, цэвэрлэгээ, идэвхжүүлэлт, төгөлдөржүүлэлтийг байнга хийх хэрэгтэй юм. 


Монголчууд янз бүрийн өвчний вирус, гай гамшиг, өвчин зовлон, үер, зуд турхан, түймэр гэх мэтчилэн маш олон зүйлийг арилгах энэхүү арга ухаанаа хэрхэн өвлүүлж ирсэн уламжлалтай юм бол? 

Энэ зан үйлийг яаж дамжуулж, идэвхжүүлэх вэ гэдэг чиглэлээр үйл ажиллагаа явуулаад манай төв 30 жил болж байна. Ган зудаас эхлээд нүүдэлчин ард түмний амьдралд байгалийн хүчин зүйл хамгийн их нөлөөлж ирсэн. Тиймээс нүүдэлчин ард түмэн ажил амьдралынхаа явцад хуримтлуулсан мэдлэг нь гагцхүү амнаас чихэнд дамжин өвлөгдөж, хуримтлагдаж, хадгалагджээ. Тэгэхээр бид өнөөдөр титэмт вирус, шувууны ханиад гээд янз бүрийн өвчин хэлж байна. Мөн бидний мэдэхгүй, туулаагүй өвчин цаашид ч гарах магадлалтай. Үүнийг эсэргүүцэхийн тулд хүн байгаль дэлхийтэйгээ зөв зохистой харьцах арга ухаан буюу уламжлалт зан үйлээсээ суралцах ёстой болж байна. Сүүлийн үед бид  дээд ариусгал буюу өв гүн ухааны арга аргачлалыг тайлбарлаж байгаа. 


Холбоотой мэдээ