Шатарчин У.Насанжаргал Их мастерын болзлоо хангав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-02-20 12:56:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шатрын Олон улсын мастер /ОУМ/ У.Насанжаргал Монгол Улсаас төрж буй 5 дахь эрэгтэй Олон улсын Их мастер /ОУИМ/-ын болзлыг хангажээ.


У.Насанжаргал энэхүү өндөр цолыг хүртэхийн тулд Дэлхийн шатрын холбооны ээлжит Их хурлаар цол батлагдахыг л хүлээх үлдээд байгаа аж. Тэрбээр Их мастер цолын 3 дахь нормын болзлоо биелүүлж 2019 оны гуравдугаар сарын гадаад чансааны жагсаалтаар гадаад чансаагаа 2500 болгон давуулсан учир Их мастер цол хүртэх нь тодорхой боллоо.


Серби улсын Нови-Сад хотноо 2020 оны хоёрдугаар сарын 1-20-нд зохион байгуулсан Их мастерын норм олгох “Third Saturday” цуврал тойргийн тэмцээний эхний тойрогт ОУМ Д.Батсүрэн 9 өргөөс 7 оноотой 2624 гадаад чансааны үзүүлэлттэй түрүүлснээр мөн Их мастер цолын нормын болзол биелүүлжээ.



Тус тэмцээний 3 дахь тойрогт ОУМ У.Насанжаргал, ОУМ Д.Батсүрэн нар хоёулаа 9 өргөөс 7 оноотой тэмцээнийг тэргүүлснээр Их мастер цолны нормын болзол биелүүлж дэлхийн шатрын спортын ноён оргилд хүрч чадсан байна.


Залуу шатарчин ОУМ Д.Батсүрэнгийн хувьд Их мастер цолын 3 дахь нормын болзлыг биелүүлж байгаа бөгөөд гадаад чансаагаа 2500 буюу 19-өөр нэмэгдүүлэхэд л Их мастер цол хүртэнэ. Энэхүү амжилтаараа Монгол Улсаас төрөх 6 дахь эрэгтэй Их мастерын төлөө өрсөлдөж байгаа 4 шилдэг шатарчдын нэг болж байгаа юм.



Тэдний дараагийн оролцох тэмцээн 2020 оны хоёрдугаар сарын 19-27-нд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулах "Aeroflot Open" олон улсын нээлттэй тэмцээн юм байна. 

Холбоотой мэдээ