Сургууль, цэцэрлэгийн зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа хойшлохгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-02-19 16:06:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгасан ч Ерөнхий боловсролын сургуулийн сургууль, цэцэрлэгийн зуны амралт, элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа хойшлохгүй гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.


Ирэх сарын сарын 2-ныг хүртэлх хугацаанд 402 удаа нийт 6355 минутын 40 хичээлийг орон даяар 170 багш бэлтгэн хүргэхээр хуваарийн дагуу ажиллаж байна.  Шинэ нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын амралтыг цуцалсан бөгөөд дөрөв, тавдугаар сарын бүх бямба гарагт хичээллэх аж. Мөн анги дэвших болон төгсөх шалгалтын 7 хоногийг хичээлийн 7 хоногт шилжүүлж, шалгалтыг товлосон хугацаанд багтаан зохион байгуулна гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэллээ.


Тэрбээр, “Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 1-нээс,  VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас амарна.  Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 8-11-нд зохион байгуулж, их, дээд сургуулийн элсэлтийг зургаадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна. Их, дээд сургуулиуд зургаадугаар сарын эхэнд амарна” гэв.


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосноос үүдэн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэд хэдэн онцгой зохицуулалт хийж байгаа юм. Тухайлбал, Шинжлэх ухааны байгууллагууд 0-5 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг тав болгон богиносгож, цалинтай чөлөө олгож, хүүхдээ гэртээ харж асрах бололцоог бүрдүүлж байгаа аж. Улсын хэмжээнд төлөвлөгдсөн спортын тэмцээн, наадам, сургалт, олныг хамарсан үйл ажиллагаа болон нийтийг хамарсан биеийн тамир, спортын аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг бүрэн зогсоосон байна. Түүнчлэн Үндэсний шигшээ багаас бусад спортын дугуйлан хичээллүүлэхийг хориглох, олимпын эрх, оноо олгох тэмцээнээс бусад олон улсын тэмцээнд баг тамирчид оролцохгүй байх зохицуулалт хийжээ.


Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Цэцэрлэгийн хоолны мөнгө, дотуур байрны хоолны мөнгөнөөс тодорхой хэмжээнд хөрөнгө хэмнэж байгаа тул үүнийг бямба гарагт ажиллах багш нарын илүү цагийн хөлс, сургууль, цэцэрлэгийн ариутгалд зарцуулах ёстой. Өөр хэлбэрээр зарцуулбал Төсвийн хууль зөрчинө гэдгийг аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нар, Засаг дарга нар онцгой анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд үүнд хяналт тавих ёстой" хэмээв.

Холбоотой мэдээ