Ханбогдод тусгаарласан иргэдийг 14 хоног хөл хорионд байлгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн төвд тусгаарласан 27 иргэнийг 14 хоног хөл хорионд байлгах юм.
Энэ талаар Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал "Түр тусгаарлаж байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Тэдэнд хүнс хоол, ахуйн хэрэглээний зүйлсийг тогтмол хүргэж байна. Тусгаарлах хугацаа дуусахаар иргэдийг гэр орон руу нь явуулна. Улс эх орон, гэр бүлийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг тэд маш сайн ухамсарлаж байгаад талархаж байна" гэв.
Коронавируснээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шуурхай штаб ажиллуулахаар болсон байна.
Уг штаб аймгийн төвд Нутгийн удирдлагын ордны хоёр давхарт 24 цагаар жижүүрлэн ажиллаж байна. Шуурхай штаб 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд 7053-3336 утсаар коронавируснээс урьдчилан сэргийлэх болон өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбоотой санал гомдол мэдээллийг авч байгаа юм.