Массачусетс муж улсын захирагч асан сонгуулийн өмнөх сунгаанаас гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-02-13 13:04:46

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Массачусетс муж улсын захирагч асан Девал Патрик Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаанаас гарсан тухай түүний штаб мэдэгджээ.


Девал Патрик Нью-Хэмпшир муж улсад мягмар гарагт болсон сунгааны үр дүнтэй холбоотойгоор өрсөлдөөнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсныг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр нэг хүрэхгүй хувийн санал авжээ.


Нью-Хэмпширт болсон сунгаанд Вермонт муж улсаас Сенатын танхимд сонгогдсон Берни Сандерс 25 хувийн санал авж ялсан байна. Энэ сунгааны дараа мөн Колорадо муж улсаас сонгогдсон сенатч Майкл Беннет, бизнес эрхлэгч Эндрю Янг нар өрсөлдөөнөөс гарсан байна.


Ардчилсан нам, Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах сунгаа Айова муж улсаас эхэлсэн юм. Ардчилсан намын их хурал 2020 оны долдугаар сарын 13-16-нд Висконсин муж улсын Милуоки хотод болох бөгөөд ерөнхийлөгчийн суудлын төлөө Бүгд Найрамдах намаас тодорсон нэр дэвшигчтэй өрсөлдөх хүний нэрийг зарлана. Харин бүгд найрамдахчууд энэ оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Хойд Каролина муж улсын Шарлотт хотод их хурлаа хийнэ.


Америкчууд 2020 оны 11 дүгээр сарын 3-нд 59 дэх ерөнхийлөгчөө сонгоно.

Холбоотой мэдээ