Хубэй мужид коронавирусний халдварын 14 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-02-13 10:05:26

УХАНЬ. /Xinhua/. Хятадын Хубэй мужид лхагва гарагт “COVID-19” коронавирусний халдварын 14840 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг вирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 242 хүн нас барсан талаар тус мужийн Эрүүл мэндийн комиссын удирдлагууд пүрэв гарагт мэдээлжээ.


Ингэснээр шинэ төрлийн коронавирусний голомт болох Хубэй мужид бүртгэгдсэн коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо 48206 хүрч, 1310 хүн нас баржээ. Мөн лхагва гарагийн байдлаар Хубэй мужид эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 3441 хүрсэн байна. 


Хубэй мужид бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо ихээхэн нэмэгдсэн нь клиникээр оношлогдсон тохиолдлуудыг уг үзүүлэлтэд оруулан тооцож эхэлсэнтэй холбоотой бөгөөд үүнд компьютер томографаар уушгины хатгалгаатай холбоо бүхий онош илэрсэн тохиолдлууд багтаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ