Дотоодын компаниуд 5000 амны хаалт үйлдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-10 18:57:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч “Мон Лайн”, “Денимон”, "Асралтбаян хайрхан", "Танан зэт", "Батзүү", "Ивээл", "Амно", Уран шаглаа", "Уут.мн", "Арвин гоёл" зэрэг компани нэгдэн 5000 ширхэг амны хаалт үйлдвэрлэжээ.

Дээрх ААН-үүд нь оёдлын салбарын нэгдсэн холбооны гишүүн бөгөөд ХХААХҮЯ-ны санаачилгаар ийнхүү нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдсэн байна. 


Эдгээр амны хаалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэгүй тараах бөгөөд ЭМЯ-нд 4000 ширхгийг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хамгаалах ерөнхий газарт 1000 ширхгийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Мөн Дархан-Уул аймагт оёдлын үйлдвэрлэл эрхлэгч "Шүтэн-Уул" ХХК 1000 ширхэг амны хаалт үйлдвэрлэн аймгийнхаа Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөөд байна.

Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар амны хаалтын экспортын нийлүүлэлтийг хүлээхээс илүү, ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу амны хаалтыг дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй гэж үзээд байна.

Өнөөдрийн хуралдаанаар цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэр, ХХЕГ-ын харьяа 288 дугаар анги, ШШГЕГ, ЦЕГ-ын оёдлын үйлдвэрт амны хаалт оёж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг өглөө. Мөн аймаг, нийслэлийн хэмжээнд амны хаалтын нийлүүлэлтийг нэмэх үүргийг орон нутгийн онцгой комиссын дарга нарт өгсөн юм. Үүнтэй зэрэгцэн дотооддоо дутагдалтай байгаа энэ үед амны хаалт экспортлохыг хориглоод байна.

Холбоотой мэдээ