Агаарын бохирдол 45 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-02-06 12:57:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сайжруулсан шахмал түлш болон угаартай холбоотой мэдээллээр өнгөрсөн 3 хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд 14 өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. 

Он гарснаас хойш угаарын хийнд хордож нас барсан тохиолдол гараагүй, дуудлагын тоогоор авч үзвэл Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт их байгаа талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд: 

  • яндангийн сойлтоо хаасан, 
  • зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, 
  • яндангаа хөөлөөгүй, 
  • үнс дүүрсэн зэрэг иргэд өөрсдөө аюулгүй байдлаа хангаагүй нөхцөл байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж байгааг дурдлаа.

Сүүлийн өдрүүдэд угаар мэдрэгч хэрэглэх заавар зөвлөмжтэй танилцаагүйн улмаас дуугарсан тохиолдолд унтраах, агаар сэлгэлт хийгээгүй хордлогын шинж тэмдэг илрэх тохиолдол гарч байгаа учраас иргэдийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж аюулгүй байдлаа бүрэн хангахыг албаныхан санууллаа.


Агаарын бохирдлын хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 45 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд НМХГ, Цагдаагийн газар хамтран автотээврийн товчоодод үзлэг шалгалт тогтмол явуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд зөвшөөрөлгүй 9 шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсан зөрчил илрүүлж, тухайн иргэнийг зөрчлийн хуулийн дагуу торгож нүүрсийг нь Амгалан дулааны станцад хүлээлгэн өгчээ.


Холбоотой мэдээ