Коронавирусээс урьдчилан сэргийлэх сурталчилгааг үнэгүй хэвлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-02-06 12:30:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын гишүүн "Хөх Монгол принтинг" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд коронавирусний аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий хэвлэмэл материал, ухуулга сурталчилгааны хуудсыг үнэ төлбөргүй хэвлэж өгөхөө мэдэгдлээ.

Ийнхүү дотоодын ААН, бизнес эрхлэгчид коронвирусний халдвараас урьдчилан сэргийлэх, нийгмийн төлөөх үйлсэд иргэдийг амны хаалт, бусад ариутгалын хэрэгсэл, эмнэлгийн материал, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр хувь нэмрээ оруулж байгааг МҮХАҮТ-аас мэдээллээ. 

"Аюулт өвчний харанга ойрхон дэлдэж буй энэ мөчид цагаа олсон санаачилга гаргаж, нийгэмд үлгэр дуурайл үзүүлж буй "Хөх Монгол принтинг" ХХК-д талархаж байна. Тус компани Танхимын "Даймонд" ангиллын гишүүн юм. Мөн Танхимын зүгээс коронавирусний хоригоос шалтгаалж бусадтай хийсэн бизнес, хамтын ажиллагааны гэрээний үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдал үүсэж, бизнест эрсдэл учирч байгаа бол МҮХАҮТ-д хандан давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах боломжтой" гэж МҮХАҮТ-ын удирдлага илэрхийлж байна. 


Тодруулбал, коронавирусний хоригоос үүдэлтэй торгууль, алданги төлөхөөр болж, бизнест хохирол учирч эрсдэлтэй нөхцөл үүсэх тохиолдолд форс мажор буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулж авахыг зөвлөж байна. 

Б.Болд


Холбоотой мэдээ