Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-02-04 10:44:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн хоёрдугаар сарын 4-нд дэлхий нийтээр тэмдэглэдэг болсоор 20 дахь жилтэйгээ золгож байна. Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд  хорт хавдраар оношлогдож, 7,6 сая хүн нас барж байна.


Монгол Улсын хувьд халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдрын асуудалд онцгой анхаарч, хүн амын дунд зонхилон тохиолдож буй хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн тухай хуульдаа өөрчлөлт оруулан, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байгаа юм.


Одоогоос 20 жилийн өмнө буюу 2000 оны Парисын  Тунхагт уриалсны дагуу Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо (UICC) 2005 оноос дэлхийн хэмжээнд хорт хавдрын эсрэг үйл ажиллагааг санаачлан жил бүрийн энэ өдрийг хорт хавдрын эсрэг Дэлхийн өдөр болгон өргөн хүрээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.


Хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой байдаг ажээ. Олон улсын хорт хавдартай тэмцэх холбоо /UICC/-ноос 2006 оноос хойш хорт хавдрын эсрэг Дэлхийн өдрийг тохиолдуулсан үйл ажиллагааг зохицуулан явуулахад дэмжигч ба гишүүн байгууллагууд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн агентлаг болон бусад олон улсын байгууллагатай хамтран идэвхтэй ажиллаж байгаа юм.



Манай улс тус холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг 2007 оноос тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд ч улс орныг хамарсан олон ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.





Холбоотой мэдээ