Их-Уул сумын ахмадууд өв соёлоо залуучууддаа зааж өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-24 18:21:08

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Их-Уул сумын Соёлын төвөөс сумынхаа зургаан багийн ахмадуудын дунд нүүдэлчин өв соёлоо залуу хойч үедээ өвлүүлэн сурталчлах зорилгоор аян зарлажээ.

Тухайлбал багуудын ахмадуудын дунд “Ахмадын сургаал алт ”, “ Өв соёлоо дээдэлье, түгээн дэлгэрүүлье” сэдэвт зургаан сарын аяныг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлж энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр дүгнэхээр зарласан байна. Аяны хүрээнд багуудын ахмадууд баг бүр дээрээ сар бүрийн 10, 20, 30-ны өдрүүдэд төрөл бүрийн үйл ажиллагааг зохион явуулдаг болжээ. Багуудын аянд 2520 гаруй ахмад оролцжээ. Зургаан багийн аяны үйл ажиллагаа 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд дуусаж нэгдсэн гала тоглолтыг сумынхаа иргэдэд үзүүлэх юм байна. Мөн баг бүрээс идэвхтэй оролцсон гурван ахмад буюу нийт 18 ахмадыг Итгэлт хамба явах эрхийн бичгээр шагнаж урамшуулахаар болжээ.  

Хуягт багийн ахмадууд эсгий хийх нутгийн онцлог аргыг залуучуудад зааж өгчээ

Их-Уул сумын Хуягт багийн ахмадууд гэхэд соёлын биет өвийн  үзэсгэлэн, уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Багийн ахмадууд аяны хүрээнд нүүдэлчин монгол ахуйн өдөр тутмын үйл ажиллагаа болох мал маллах арга туршлагаасаа хуваалцаж, дээс томох, эсгий хийх, ширмэл ширдэг ширэх, чөдөр ногт зангидах аргаасаа хуваалцаж залуучуудад зааж өгсөн байна.

Тухайлбал үхэр тэргээр нүүдэл хийхэд юуг анхаарах, цагаан идээний амт чанарыг сааль бэлдэхээсээ эхлээд анхаарах ёстой. Эсгий хийх нутгийнхаа арга туршлагаас мөн хүүхэд залуучуудад ярьж өгчээ. Тухайлбал Малчин ардууд эсгийг ихэвчлэн наймдугаар сарын дундуур хийдэг. Тэгвэл Их-Уул сумын хувьд сэрүүн цаг агаартай тул долоодугаар сарын сүүлээс эхлэн эсгийгээ хийж эхэлдэг байна.

Тухайн айл дангаараа хийхэд хүч хүрэхгүй ажил учраас айл хотлоороо нийлж хийнэ. Өдрийн сайныг сонгон тогтож, эсгийндээ гурван төрлийн ноосыг урьдчилан бэлтгэсэн байна. Үүнд нь тухайн жилийн зун хяргасан эр хонь, төлөгний уртын ноос, өнгөрсөн намрын ахрын ноос, тухайн жилийн шинэ хурганы ноосыг хамтад нь хольж хийдэг байна. Мөн эм хонины ноосыг эсгийнд хэрэглэдэггүй. Хоёр метр өргөнтэй, дөрвөөс таван метр урттай эсгийнд ойролцоогоор 50-60 кг ноос ордог тухайгаа ахмадууд хуучилжээ.

Мөн эсгий татах өдөр лам залж ном уншуулна. Эсгий татах хүмүүс болон чирүүлэх азаргаа товлоно. Эсгийг голдуу азаргаар татаж чирдэг бөгөөд говь газар бол тэмээгээр татдаг байжээ. Эсгий хийх нь шүүстэй буюу шүүсгүй гэж хоёр янзаар нэрлэгддэг. Хонь гаргаж найр хийвэл шүүстэй хэмээдэг бөгөөд дан цагаан идээгээр цайлж байвал шүүсгүй хэмээн нэрлэгддэг байна. Мөн хонины ноос өөрөө зунгагтайн дээр ямааны тосоор тосолж орхивол борооны ус нэвчдэггүй байна. Харин адууны хялгасаар бат бөх дээс томж гэрийн бүслүүр, өрх ба дээвэр даруулах олс хийнэ. Унины углуурга, хананы үдээс сэлтийг бод малын шир, шөрмөсөөр голдуу хийдэг тухай ахмадууд залуучуудад хэлж өгчээ. 

Холбоотой мэдээ