Үндэсний геологийн албыг сэргээн байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-23 17:21:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив. Төсөлд, Үндэсний геологийн алба байгуулахаар тусгажээ. 


Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганд танилцуулав. Тус албыг УУХҮЯ-ны хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах бөгөөд Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй ажиллах юм. Мөн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд ажиллах юм байна.


Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав, Я.Содбаатар нарын гишүүн төслийн ажлын багаас асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр,  зарим нэгжийг нэгтгэн шинээр бүтэц байгуулж байгаагийн ач холбогдлыг тодруулахын зэрэгцээ хуучин алба нь хэзээ татан буугдсаныг лавлав. Мөн гишүүд шинэ алба байгуулах бүтэц, орон тоо, урсгал зардлыг асуухаас гадна тус албыг байгуулах зайлшгүй шаардлага тулгараад буйг онцолж байв. Учир нь Геологийн алба нь судалгааны үр дүнд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд болон бүс нутаг, тодорхой газар нутгийн нийгэм-эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, хөгжлийн нэгдсэн төлөвлөлт хийх, хөгжлийн стратегийг боловсруулах суурь мэдээлэл бий болгох ач холбогдолтой юм. 


УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хариултдаа, 1990-ээд оны үед Үндэсний геологийн албыг албан ёсоор татан буулгаснаас хойш уул уурхай, геологийн салбарт төрийн бодлого, хараа хяналт суларсан гэдгийг онцлов. Энэхүү албыг байгуулснаар, Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх салбар болох уул уурхай, геологийн салбарыг шинжлэх ухаанч байдлаар олон улсын түвшинд гаргах боломж бүрдэнэ. Энэ алба нь зөвхөн уул уурхайн геологи хайгуул биш, усны хайгуул, хөрсний судалгаа болон барилга бүтээн байгуулалтад оролцох зэрэг ач холбогдолтой гэдгийг тайлбарлалаа. Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд бий болсон хариуцлагагүй уул уурхай, замбараагүй байдлыг төрийн бодлогоор цэгцэлж, оновчтой, зөв үе шаттай ажил хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдав. 


Мөн энэхүү төсөл батлагдсанаар, Үндэсний геологийн алба байгуулагдаж, 68 хүний орон тоотойгоор ажиллах бөгөөд цаашид ажлыг өргөжүүлж Геологийн төв лаборатори, АМГТГ-ыг түшиглэн 21 аймагт салбар байгуулах шаардлагатайг ажлын багаас тодотгож байлаа. Түүнчлэн шинэ нэгж байгуулахад нэмэлт төсөв шаардагдахгүй гэдгийг тэмдэглэв.


Ингээд Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.3 хувь нь дээрх тогтоолын төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Ингээд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 

Холбоотой мэдээ