Их Британийн бүс нутгуудын парламент “Brexit”-ийн тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-22 11:28:30

ЛОНДОН. /TASS/. Уэльсийн Үндэсний ассамблей /парламент/ Их Британийг Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гаргах /Brexit/ тухай хуулийн төслийг дэмжсэнгүй. 


Мягмар гарагт явуулсан санал хураалтын дүнд Уэльсийн нэг танхимтай хууль тогтоох байгууллагын 35 депутат “Brexit”-ийн тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн бол 15 нь дэмжжээ.


Урьд нь мөн хуулийн уг төслийг Шотландын парламент болон Умард Ирландын Ассамблей дэмжээгүй байна. Гэхдээ бүс нутгуудын депутатуудын санал энэ асуудалд зөвхөн зөвлөх шинж чанартай бөгөөд Их Британийг ЕХ-ноос гарах үйл явцыг зогсоож чадахгүй юм.


Их Британи ЕХ-г 2019 оны гуравдугаар сарын 29-нд орхих ёстой байсан боловч энэ хугацааг нэг бус удаа хойшлуулсан. Одоо тус улс энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах ёстой. Учир нь өнгөрсөн оны 12 дугаар сард болсон парламентын сонгуульд консервативчууд сөрөг хүчний намыг  илт давуу ялсан бөгөөд Их Британийн Засгийн газар энэ удаад “Brexit”-ийг цаг хугацаанд нь хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Дээрх хуулийн төслийг тус улсын парламентын доод танхим буюу Нийтийн танхим баталсан бөгөөд одоо дээд Лордуудын танхим хэлэлцэж байгаа юм.


Холбоотой мэдээ